• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Үндэсний Комиссын 2020 оны эхний хагас жилийн төлөвлөгөөний биелэлтийг авч хэлэлцлээ

2020 оны хувьд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хууль шинэчлэгдэн батлагдсан онцлогтой юм. Учир нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь уг хуулийн дагуу үйл ажиллагаа явуулдаг.

Манай хамт олон 2020 оны эхний хагас жилийн гүйцэтгэлийн төлөвлөгөөний биелэлтээ дүгнэж, хэлэлцлээ. Он гарсаар дэлхий нийтийг донсолгосон Ковид-19 цар тахлын хорио цээрийн дэглэмээс үүдэн төлөвлөсөн сургалтууд, олон нийтийн арга хэмжээг цуцлах хойшлуулахад хүрсэн ч төлөвлөгөөт сургалт, ажил үйлчилгээг цахим хэлбэрээр зохион байгуулж гүйцэтгэлээ. Хүний эрхийн мэдлэг, ойлголт олгох сургалтуудыг цахим хэлбэрт, видео хэлбэрт шилжүүлэх ажлыг гүйцэтгэж, нийт 2223 хүнд 130,5 цагийн сургалт явуулсан байна. Үүнээс төвийн ажилтнууд 42 цагийн сургалтыг 877 оролцогчтойгоор, орон нутгийн ажилтнууд 88.5 цагийн сургалтыг 1,346 оролцогчтойгоор зохион байгуулав.

Тайлант хугацаанд УЕПГ-тай хамтран “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалтуудыг Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Говьсүмбэр, Дорноговь, Орхон, Булган, Дархан-Уул аймгуудад хийсэн ба НҮБХХ-ийн “Монгол Улсад мэргэжлийн иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь” төслийн хүрээнд “Жендэр ба хүний эрх” сургалтуудыг мөн зохион байгуулж, хууль сахиулах болон төрийн байгууллагын ажилтнуудыг оролцуулав.

ЦЕГ-ын Цагдаа дотоодын цэргийн сургалтын нэгдсэн төвийн захиалгаар сургагч багшаар бэлтгэгдсэн цагдаагийн албан хаагчдад “Хүний эрхэд суурилсан хандлага” сургалтыг 5-р сард цахим хэлбэрээр зохион байгуулав.

2020 оны эхний 6 сарын байдлаар манайд хүний эрхийн зөрчлийн асуудлаар 347 гомдол ирүүлснийг шалгаж, шийдвэрлэж ажиллалаа.

Хүний эрхийн Үндэсний Комиссоос Улаанбаатар болон орон нутагт 500 гаруй иргэнд хууль зүйн зөвлөгөө туслалцааг үнэ төлбөргүй үзүүлэв. Хүний эрхийн зөрчлийг арилгуулахаар Комиссын гишүүн 16 шаардлага, 10 зөвлөмжийг холбогдох албан тушаалтан, байгууллагад хүргүүллээ. Тайлант хугацаанд нийт 52 хяналт шалгалтыг хийснээс 7 нь төлөвлөгөөт, 13 нь иргэдээс ирүүлсэн мэдээллийн мөрөөр, 32 нь хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд явуулсан шалгалт байлаа.