• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Усны эрх-Хүний эрх: Хөвсгөл нуурын хамгаалал" эрдэм шинжилгээний хурал боллоо

"Монгол Улс ундны ус, ариун цэврийн байгууламжийн асуудал нь хүний эрхийн асуудал гэдгийг хүлээн зөвшөөрөөгүй, усны хэрэглээ, ариун цэвэр орчин нь хангалтгүй байгаа тул энэхүү эрхийг хууль эрх зүйн хүрээнд хүлээн зөвшөөрч, бодлого, хөтөлбөртөө тусгах шаардлагатай" хэмээн НҮБ-ын хүний эрх, ундны усны аюулгүй байдал, ариун цэврийн байгууламжийн асуудал хариуцсан Тусгай илтгэгч Лео Хеллер 2018 онд манай улсад хийсэн айлчлалынхаа тайланд дүгнэсэн удаатай.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос ч УИХ-д 6 удаа уг асуудлаар илтгэл хүргүүлж, санал өгч байсан тухайгаа өнөөдөр болсон олон улсын эрдэм шинжилгээний хурлын үеэр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж "Усны эрх-Хүний эрх" илтгэлдээ дурдаж байлаа. Тэрбээр илтгэлдээ "Ус хэдий бүх салбарт хамаатай ч олон улсын хамтын нийгэмлэгийн зүгээс тавьж буй шаардлагын дагуу ус, ариун цэврийн асуудлыг хүний эрхийн суурь зарчим, агуулгад нийцүүлэн төрийн нэгдсэн бодлогоор уялдаа холбоог хангаж, үр ашигтай хөгжүүлэхэд хүндрэл үүсгэж болохоор байна... Ус хамгааллын бодлого нь дан ганц нэг улсын асуудал биш, дэлхийн нийтийн тулгамдсан асуудал болоод байна. Хүнийг хүн хэвээр нь амьдралаа авч явахад зайлшгүй шаардлагатай эрх бол усаар хангагдах эрх юм. Энэ нь хүний бусад эрхийг хангахад урьтал тавих эрх мөн болохыг Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооноос тодорхойлсон байдаг. Стратегийн ач холбогдол бүхий үнэт баялаг болох Хөвсгөл нуурын цэвэр усны экосистемийн хамгаалалтад анхаарал хандуулах нь зүйн хэрэг юм" гэсэн юм.

"Далай ээж олон улсын эко-соёлын аян-2019" арга хэмжээний хүрээнд 2019 оны 07 дугаар сарын 08-нд "Усны эрх-Хүний эрх: Хөвсгөл нуурын хамгаалал" эрдэм шинжилгээний хурлыг "Түгээмэл эрх-Хөгжил" ТББ, "Хөвсгөл Далайн эзэд" ТББ, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, "Дөрөв дэх өнцөг" ТББ, "Захиргааны шинэ санаачилга" ТББ хамтран зохион байгууллаа. Тус хурлаар "Усны эрх-Хүний эрх", "Австрали Улс дахь усны эрхийн асуудал", "Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэх үндэслэл", "Сайн засаглал ба ёс зүйн хүрээнд талуудын оролцоог тодорхойлох нь", "Хөвсгөл нуурын байгаль орчны тулгамдсан асуудал", "Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-ийн дэлхийн өвд бүртгүүлж болох үндэслэл", "Хөвсгөл нуурыг олон улсын хамгаалалтад авахын ач холбогдол", "Хүний эрх ба усны эрхийн асуудлыг дэлхийн хөгжлийн зорилтын хүрээнд хэрхэн авч үзэх вэ?", "Усан замын тээвэр, хууль тогтоомж бодлого, хэрэгжилт" гэсэн 9 сэдвээр үндсэн илтгэлийг хүний эрхийн байгууллага, олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид тавилаа. Илтгэгчид нэг зорилгод санаа нэгдэж, Монгол орны цэвэр усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуурыг Дэлхийн өвд бүртгүүлэхийг уриалж байсан явдал юм.

Эрдэм шинжилгээний хурал болон "Далай ээж-Хөвсгөл нуурыг хамгаалах аян"-д оролцохоор дэлхийн 8 улсын зураач, хөгжимчин, дуучид, байгаль хамгааллын идэвхтэй судлаач 25 уран бүтээлчид Монгол Улсад хүрэлцэн ирснээс гадна, хүний эрх, байгаль орчны чиглэлээр туурвидаг сэтгүүлчдийн сүлжээ, хэвлэл мэдээллийн байгууллагууд мэдээллийн ивээн тэтгэгч, дэмжигчээр хамтран ажиллаж байна. Аян 2019 оны 07 дугаар сарын 18-ныг хүртэл үргэлжилнэ. Маргааш буюу 07 дугаар сарын 09-ний 19 цагт "Олон улсын хөгжмийн үдэш" хандивын тоглолтыг On&Off продакшн хауст зохиох бол энэ сарын 12-нд Хөвсгөл аймгийн Мөрөн хотод, 15-нд "Далай ээж" олон улсын зургийн төслийн үйл ажиллагааны нээлт, 17-нд "Далай ээж" зурагт гудамжны нээлт, концерт, Хөвсгөл далайн нөхцөл байдалтай танилцах зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөжээ.

Уг төсөл нь Хөвсгөл нуурын байгаль экологийн болон соёлын үнэ цэнэ, ач холбогдлыг олон улсын төдийгүй үндэсний хэмжээнд таниулах, тус нуур, нуур орчмын онгон байгалийг НҮБ-ын боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага буюу ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлэхэд дэмжлэг үзүүлэх, байгаль хамгаалах соёл, эрх зүйн мэдлэгийг урлагаар дамжуулан түгээх зорилготой юм.