• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Финляндын Хууль зүйн сайд хатагтай Анна Маяа Хенрикссон нар ХЭҮК-т зочиллоо

Бүгд Найрамдах Финлянд Улсын Хууль зүйн сайд хатагтай Анна Маяа Хенрикссон, БНФУ-аас БНХАУ-д суугаа Элчин сайд ноён Ларс Бакштром нарын тэргүүтэй төлөөлөгчид 2013 оны 4 дүгээр сарын 27-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисст зочилж, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, гишүүн Н.Ганбаяр нартай уулзав. Уулзалтаар төлөөллүүд хоёр улсын хүний эрхийн үндэсний байгууллагын тогтолцооны талаар харилцан товч мэдээлэл, туршлага солилцсон юм. БНФУ-ын хувьд парламентын хүрээнд үйл ажиллагаагаа явуулдаг, бие даасан бус, хүний эрхийн асуудал хариуцсан, гомдол хүлээн авдаг Омбудсмен ажилладаг. 2012 оноос тус байгууллага нь дэргэдээ хүний эрхийн төвтэй болсон. Энэ нь бие даасан байгууллага ба хүний эрхийн үндэсний комисстой төстэй үйл ажиллагаа явуулдаг ч чиг үүргээрээ өөр юм. Монгол Улс Парисын зарчмын дагуу хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хөхүүлэн дэмжихэд хүний эрхийн үндэсний байгууллагын хараат бус, бие даасан байдлыг хэрхэн хангаж ажиллаж байгааг зочид төлөөлөгчид сонирхож байсан төдийгүй иргэний зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, шүүхэд төлөөлөн нэхэмжлэл гаргаж, хохирогчдын эрхийг сэргээх талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын туршлагыг ихэд дэмжиж байлаа.