• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа

2016 оны 10 дугаар сарын 20-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газрын дарга Н.Цагаанхүү нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Санамж бичгийн зорилго нь Хүний эрхийн Үндэсний Комисс болон Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар хамтран хөдөлмөр, нийгэм хамгаалал, боловсрол, эрүүл мэнд, дэд бүтэц, байгаль орчны салбаруудад хяналт шалгалтын ажил зохион байгуулах, талуудын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх мэргэжлийн хяналтын улсын байцаагч нар чиг үүргээ хэрэгжүүлэхэд шаардагдах хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэхэд оршиж байна. ХЭҮК-оос санамж бичгийн хүрээнд Мэргэжлийн хяналтын төв, орон нутгийн байгууллагын албан хаагчид, улсын байцаагч нарын хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх сургалтыг Улаанбаатар хот болон аймаг, орон нутагт бүсчлэн зохион байгуулахын зэрэгцээ, хүний эрхийн сургалтын гарын авлага, эвхмэл хуудсуудыг боловсруулан гаргах, хөдөлмөр, нийгэм хамгаалал, боловсрол, эрүүл мэндийн салбарт сүүлийн жилүүдэд хяналт шалгалтаар илэрч буй голлох зөрчлийн статистик судалгааг гаргаж, мэдээллийг харилцан солилцох, эдгээр салбарт хүний эрхийн нийтлэг буюу ноцтой зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллахаар төлөвлөжээ. Санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд талууд жилд нэг удаа албан ёсоор ажил хэргийн уулзалт хийж, хийгдэж буй ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл солилцон ажиллах бөгөөд санамж бичгийн хугацаа 2020 оны 10 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүчинтэй байна.