• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХБНГУ-ын Бундестагийн гишүүн, Хууль зүйн сайд асан хатагтай Херта Дойблер-Гмелин ХЭҮК-ын урилгаар Монгол Улсад ажиллав

Европын Комиссын Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний асуудлаарх дээд хэмжээний экспертүүдийн ажлын хэсгийн гишүүн хатагтай Херта Дойблер Гмелин Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга болон УИХ-ын Хүний эрхийн дэд хорооны даргын урилгаар 5 дугаар сарын 27-31-нд Монгол Улсад ажиллалаа.Хатагтай Дойблер Гмелин нь 1972-2009онд Бундестагийн гишүүнээр тасралтгүй ажилласан бөгөөд 1998-2002 онд Хууль зүйн сайд, 2002-2005 онд хэрэглэгчийг хамгаалах, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны дарга, 2005-2009 онд хүний эрх ба хүмүүнлэгийн тусламжийн байнгын хорооны дарга, 2008-2009 онд Европын зөвлөлийн эрх зүйн парламентын хурлын даргаар ажиллаж байсан туршлагатай улс төрч, хүний эрхийн шинжээч, хүний эрхийн олон улсын зөвлөх юм. Тэрбээр 5 дугаар сарын 27-нд Жендэрийн Үндэсний Хороо, НҮБ-ын Хүний амын сан, Хүний эрхийн Үндэсний Комиссын хамтран зохион байгуулсан "Жендэрийн мэдрэмжтэй төрийн бодлого ба шийдвэр гаргагчдын анхаарах асуудал" сэдэвт семинарыг удирдан явуулсан бөгөөд 5 дугаар сарын 29-нд жендэрийн нөхцөл байдал Монгол Улсад ямар түвшинд байгаа цаашид ямар арга хэмжээ авах, гэр бүлийн хүрээний болон жендэрт суурилсан хүчирхийллийн асуудлаарх ХБНГУ-ын бодлого, явуулж буй үйл ажиллагаа зэрэг сэдвээр Улсын Их Хурлын эмэгтэй гишүүдтэй санал бодлоо солилцож, туршлагаа хуваалцав. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Фридрих Эбертийн сан хамтран 5 дугаар сарын 30-нд "Хэвлэл мэдээллийн эрх чөлөө ба эрх зүйн орчин" хэлэлцүүлэг зохион байгуулсан Хатагтай Дойблер-Гмелин уг хэлэлцүүлэгт оролцон манай улсын хэвлэл мэдээллийн эрх чөлөөний асуудлаар ажилладаг төрийн бус байгууллагууд, сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтнуудтай хэвлэл мэдээллийн эрх зүйн шинэчлэлийн асуудлаар санал бодлоо солилцон Европын Холбооны улс орнууд дахь хэвлэл мэдээллийн эрх чөлөөний байдал ба холбогдох эрх зүйн шинэчлэлийн талаар өөрийн туршлагаас танилцууллаа. Мөн ХЭҮК-оос ННФ-тай хамтран зохион байгуулдаг олон нийтийн лекцийн зочноор оролцож "Европын орнууд дахь хэвлэлийн эрх чөлөө ба үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн асуудал" сэдвээр илтгэл тавьж, сэтгүүл зүйн салбарт ажиллагсад болон суралцагсдад мэдээлэл өгсөн. Хатагтай айлчлалын үеэрээ УИХ-ын дэд дарга Р. Гончигдоржид бараалхаж, УИХ дахь Хүний эрхийн дэд хорооны дарга Д.Ганбат болон тус хорооны гишүүдтэй уулзсан юм. Энэхүү айлчлалтай холбогдох санхүүгийн болон бусад дэмжлэгийг Фридрих Эбертийн сан үзүүлж, ХЭҮК-той хамтран ажилласан болно.