• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Эрүүл, аюулгүй хоол, хүнсээр хангагдах эрхийн асуудлаар санал солилцлоо

Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг боловсруулан Улсын Их Хуралд өргөж, тодорхой саналуудыг хүргүүлж байсны нэг нь манай улсын хил гаалиар нэвтрэн орж ирж байгаа хүнсний эрүүл ахуй, аюулгүй байдлын асуудал юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2018 онд Хил хамгаалах Ерөнхий газар болон МХЕГ-ын ажилтан, албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийг шалгаж, хилийн бүх анги, застав, гаалиар ажиллахдаа уг асуудлыг хөндөж, тухайн онд УИХ-д өргөн барьсан "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл"-д оруулсан байдаг.

Тэгвэл өнөөдөр ч хүнсний аюулгүй байдал, эрүүл ахуйн асуудал баталгаатай биш байгаад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж санаа зовниж байгаагаа, цаашид энэ чиглэлээр хамтран ажиллах талаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын Монгол дахь суурин төлөөлөгч Винод Ахужатай хийсэн уулзалтын үеэр онцлон тэмдэглэж байлаа. Байгууллагуудын хамтын ажиллагааны талаар санал солилцох уулзалтыг 2020 оны 01 дүгээр 22-ны өдөр хийлээ. Хүнсний аюулгүй байдлыг хангах асуудал нь төрийн болон төрийн бус байгууллагууд хоорондын ажлын уялдаа, хувийн хэвшлийн идэвхтэй оролцоог шаардсан салбар дундын зохицуулалтын шинжтэй, бүх нийтийг хамарсан чухал ач холбогдолтой учраас талууд цаашид хамтран ажиллахаар боллоо.