• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал" сэдвээр өглөөний уулзалт зохион байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран 6 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт арга хэмжээг 2018 оны 11 дүгээр сарын 22-нд "Хохирол нөхөн төлүүлэх эрхийн хэрэгжилтийн зарим асуудал" сэдвээр зохион байгууллаа. Уулзалтын зочин илтгэгчээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн дарга Т.Ихтамир оролцож мэдээлэл хийлээ. 
Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 8 дугаар зүйл, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейн 1985 оны 40/34 дүгээр тогтоолоор баталсан "Эрх мэдлээ урвуулан ашигласан болон гэмт хэргийн хохирогчийн талаарх шүүн таслах ажиллагааны үндсэн зарчмуудын тухай” тунхаглал, 2005 онд баталсан "Олон улсын хүний эрхийн эрх зүйн их хэмжээний зөрчил, хүмүүнлэгийн эрх зүйн ноцтой зөрчлийн улмаас хохирсон этгээдийн хохирлоо нөхөн төлүүлэх эрхийн талаарх үндсэн зарчмууд”, Гэмт хэргийн болон эрх мэдлээ урвуулан ашигласны улмаас хохирсон хүмүүсийн эрх зүйн хамгаалалтыг хангах үндсэн зарчмуудын 3.3-т "төрийн албан тушаалтан болон төрийг төлөөлж албан үүрэг гүйцэтгэж буй этгээд үндэснийхээ хууль тогтоомжийг зөрчиж, эрх мэдлээ урвуулан болон хэтрүүлэн ашигласан бол хохирогч төрөөс нөхөн төлбөр авах эрхтэй байна. Тухайн хохирлыг хариуцах Засгийн газар нь өөрчлөгдсөн тохиолдолд тухайн асуудлыг хариуцах байгууллага хохирлыг барагдуулна” гэж хохирол нөхөн төлүүлэх эрхийг баталгаажуулсан байна. Нэгдсэн Үндэстний Байгууллагаас батлан гаргасан дээрх баримт бичгүүдэд зааснаар буруутай этгээд нь хохирогч, түүний гэр бүл, асрамжинд байсан хүмүүст учруулсан хохирлыг шударгаар арилгах, хохирлоо нөхөн төлүүлэх эрхийг баталгаажуулах, төрөөс хохирогчийн бие махбод, сэтгэл санаа, зан суртахуунд учирсан хохирол, ажил хөдөлмөр, сургууль боловсрол, нийгмийн хамгааллын үйлчилгээ зэрэг алдагдсан нөхцөл, бодит болон бий болох орлого, хууль зүй, сэтгэл зүй, эмнэлэг, нийгмийн үйлчилгээний зардлыг бүрэн, шуурхай барагдуулах нөхцөл бололцоогоор хангах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэхийг оролцогч улсуудад зөвлөхийн зэрэгцээ хэрэгжүүлж ажиллахыг шаарддаг. Түүнчлэн Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 14 дэх заалтад "Монгол Улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх эрхтэй” гэж заасан бөгөөд бусдын хууль бус үйлдлийн улмаас учруулсан хохирлыг нөхөн төлүүлэхтэй холбоотой асуудлыг Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Иргэний хууль болон Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх хуулийн холбогдох заалтуудаар зохицуулсан байдаг билээ.  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс энэ жил УИХ-д өргөн барьсан "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 17 дахь илтгэл"-д хохирол нөхөн төлүүлэх эрхийн асуудлыг нэг бүлэг сэдэв болгон хөндөж, тус эрхийн хэрэгжилттэй холбоотой 4 саналыг хүргүүлээд байгаа юм. Үүнд:  1. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1 дэх хэсэгт "Хуульд өөрөөр заагаагүй бол төлбөр төлөгчийн гадаадад зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлэхийг хориглоно” гэсэн нь Монгол Улсын иргэн гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт заасан "...Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуульд заасны дагуу гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлсэн шүүх, прокурор, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын шийдвэр байгаа бол шийдвэрт заасан хугацаагаар гадаадад хувийн хэргээр зорчих, цагаачлах эрхийг түдгэлзүүлнэ” гэсэн заалттай зөрчилдөж байх тул дээрх хуулийн заалтуудыг нэг мөр болгож, холбогдох хуульд өөрчлөлт оруулах; 2. Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалт, прокурорын шатанд хохирол нөхөн төлүүлэх зорилгоор эд хөрөнгө битүүмжлэх; мөн хохирол нөхөн төлүүлэх ажиллагааг зөвхөн шүүхийн зөвшөөрлөөр явуулах талаар хуульчлах; 3. Монгол Улс олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, гэмт хэргийн улмаас хохирсон амь нас, сэтгэл санаа болон гэмтлийн улмаас дахин нөхөн сэргээгдэхгүй эрүүл мэндэд учирсан эдийн бус хохирлыг мөнгөн дүнгээр үнэлэх, тооцох аргачлалыг холбогдох байгууллагууд нэн даруй батлан гаргаж практикт хэрэглэх; 4. Төр хариуцах төлбөрийн тухайн жилд шаардагдах зардлыг улсын төсөвт тусгах, шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийн дагуу төрийн байгууллага, албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад учирсан хохирлыг тухай бүрт нь олгодог байх зэрэг юм.  Мөн манай илтгэлд энэхүү эрхийн хэрэгжилтийн тун хангалтгүй үнэлгээтэй хэмээн тусгагдсан байгааг өглөөний уулзалтын үеэр хөндөж ярьсан бөгөөд төрийн албан тушаалтны буруутай үйл ажиллагааны улмаас хүний эрх зөрчигдөх явдал байсаар байгааг ч оролцогчид сэтгэл зовнин өгүүлж байв. "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтад төрийн байгууллагууд тэр дундаа ЦЕГ, УМБА, хүний эрхийн иргэний нийгмийн байгууллагууд, олон нийтийн мэдээллийн хэрэгсэл, иргэдийн төлөөлөл оролцон үзэл бодлоо чөлөөтэй ярилцлаа. Уулзалтад оролцогчдын дунд зөрчигдсөн эрхээ ХЭҮК-оор төлөөлөн нэхэмжлэл гаргуулан сэргээлгэсэн иргэн, өнгөрсөн хавар СБД-ийн нэгэн эмийн сангийн үүдэнд тогонд цохиулж амь насаа алдсан 11 настай хүүгийн амь насны хохирлыг барагдуулахыг зорин ажиллаж буй иргэний нийгмийн төлөөлөл, хохирлоо шүүхээр тогтоолгосон ч бүрэн барагдуулж чадаагүй ээж, хэд хэдэн удаа хилс хэрэгт яллагдагчаар татагдаж хохирсон компанийн захирал, хохирлын үнэлгээ тогтоох төрийн бус байгууллагын удирдлага зэрэг олон талын төлөөлөл байж, өөрт тохиолдсон бодит явдал, тулгамдсан бэрхшээлийн талаар ярьж, энэхүү хүндрэл чирэгдэл нь ихэвчлэн бичиг цаас бүрдүүлэхтэй холбоотой, мөн төрийн эрх мэдэл бүхий хүмүүсийн харилцаа хандлагаас ихээхэн шалтгаалж байгааг дуу нэгтэй ярьж, хэд хэдэн санал дэвшүүлсэн юм.  "Хүний эрхийн төлөө ярилцъя" өглөөний уулзалт нь сар бүрийн 3 дахь долоо хоногийн пүрэв гаригийн өглөө 08:00-10:00 цагт Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд болно.