ХХЕГ-тай хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгуулав - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХХЕГ-тай хамтран ажиллах санамж бичгийг шинэчлэн байгуулав

2015 оны 12 дугаар сарын 18-ны өдөр 9 цагаас Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Хил хамгаалах Ерөнхий Газрын дарга, хошууч генерал Ш.Лхачинжав нар хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа. Цэргийн албан хаагчдын хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах, тэдний сахилга, хариуцлагыг сайжруулах, цэргийн байгууллага дахь дүрмийн бус харьцаа, түүнээс үүдсэн хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагааг уялдуулан бэхжүүлэх зорилгоор энэхүү санамж бичгийг байгууллаа. Санамж бичгийн хүрээнд олон улсын гэрээ, конвенц болон үндэсний хууль тогтоомжоор хамгаалагдсан цэргийн алба хаагчдын хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтийн байдалд судалгаа, мониторинг явуулах, тэдний хүүхдүүдийн сурч боловсрох эрх, тэр дундаа алслагдсан хилийн отряд, заставын алба хаагчдын хүүхдүүдийн сурч боловсрох эрхийн хэрэгжилтэд судалгаа хийж, холбогдох арга хэмжээг авахаар санал боловсруулах ажлыг хийхээр төлөвлөжээ. Түүнчлэн хил хамгаалах байгууллагад үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч, ажилтанд хүний эрхийн талаарх мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төлөвшүүлэх, чадавхийг дээшлүүлэх сургалтыг үе шаттайгаар зохион байгуулж ажиллах юм. Санамж бичгийг хэрэгжүүлэх ажлын хүрээнд талууд жилд 2 удаа албан ёсоор ажил хэргийн уулзалт, ярилцлагыг хийж, хийгдэж буй ажлын талаар дэлгэрэнгүй мэдээллээр хангаж ажиллах бөгөөд санамж бичгийн хугацаа 2020 оны 12 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хүчинтэй байна.