• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж "Иргэдийн мэдэх эрх ба Мэдээллийн үнэ цэнэ" сэдвээр мэдээлэл хийлээ

2019 оны 05 дугаар сарын 02-нд Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдрийг тохиолдуулан ЮНЕСКО, Глоб Интернэшнл Төв ТББ-аас зохион байгуулсан "Ардчиллын төлөө Хэвлэл мэдээлэл-Хуурамч мэдээллийн эрин үе дэх сонгууль ба сэтгүүл зүй" сэдэвт хэлэлцүүлэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж "Иргэдийн мэдэх эрх ба Мэдээллийн үнэ цэнэ" сэдвээр мэдээлэл хийлээ. Тэрбээр: “Хүн бүр өөрийн үзэл бодолтой байх, түүнийгээ чөлөөтэй илэрхийлэх эрхтэй; энэхүү эрхэнд үзэл бодлоо ямар ч хорио саадгүй баримтлах эрх чөлөө, үзэл санаа, мэдээллийг улсын хилийн заагаар үл хязгаарлан аливаа арга замаар эрж сурвалжлах, хүлээж авах, түгээн дэлгэрүүлэх эрх чөлөө багтана” хэмээн Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 19 дүгээр зүйлд заасан байдаг. Өөрөөр хэлбэл, мэдэх, мэдээлэл авах эрх нь хүний заяамал эрхүүдийн нэг юм. Хүний төрлийг олж хорвоод мэндлэхдээ л энэхүү эрхтэйгээ хамт ирсэн гэсэн үг. Хүн бүр мэдэх эрхтэй, хүссэн мэдээллээ олж авах эрх нь нээлттэй. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийн хүрээнд мэдээлэл хайх, хүлээн авах, түгээх эрх чөлөөг багтаан үздэг. Энэ нь хүн үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхээ бодитойгоор эдлэхийн тулд мэдээлэлтэй байх ёстой гэдгийг чухалчлан үзэж буй хэрэг юм.

Монгол Улс нь НҮБ-ын гишүүн орны хувьд Хүний эрхийн түгээмэл тунхаглалын үзэл санааг хүлээн зөвшөөрч, Иргэний болон Улс төрийн эрхийн тухай олон улсын пакт, Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн тухай олон улсын пактад нэгдэн орж, хүний эрх, мэдээллийн эрх чөлөөтэй холбоотой заалтуудыг дагаж мөрдөх үүрэг хүлээсэн. Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, мэдээлэл олж авах эрх, эрх чөлөөг Монгол Улсын Үндсэн хууль, Мэдээллийн ил тод байдлын тухай хууль зэрэг хууль, тогтоомжуудаар баталгаажуулсан байдаг.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрх чөлөөг баталгаажуулсан олон улсын үндсэн зарчим нь Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын 19 дүгээр зүйлд тусгалаа олж “мэдээллийг улсын хил хязгаараар үл хязгаарлан боломжтой бүхий л арга хэрэгслээр эрж хайх, хүлээж авах, түгээх” явдал юм. Тэгвэл мэдээллийг эрж хайх, хүлээж авах, түгээх боломжтой бүхий л аргын нэг нь өнөөдөр дэлхий нийтэд түгээд буй цахим орон зай, цахим ертөнц дэх мэдээллийн урсгал юм. Техник технологийн хөгжил дэвшилд тулгуурласан энэхүү мэдээллийн орон зайд цахим эрх, эрх чөлөөний асуудал хөндөгдөж эхэлсэн. Цахим орчинд ч ялгаагүй Хүний эрхийн түгээмэл тунхаглал, олон улсын гэрээ, хууль тогтоомжийн зүйл заалтууд хүчинтэй, хүний эрхийн зарчмууд үйлчилнэ гэсэн үг юм.

Иргэдийн мэдэх эрхийн манаач, хамгаалагч сэтгүүлчийн үйл ажиллагаа нь бүхэлдээ хүний эрхийн хамгаалагчийн ажил байдаг тул олон нийтэд хүргэж байгаа мэдээлэл нь үнэн бодит баримтад тулгуурласан, мэргэжлийн шинжтэй байж гэмээнэ сая үнэ цэнэтэй, үүргээ биелүүлж чадна. Хүний эрхийн асуудалд ч баримтат мэдээлэл тун чухалд тооцогдон үнэ цэнэтэй хэвээр байна. Нийгэмд тулгамдсан, олныг цочроосон гэмт хэрэг, хүний эрхийн зөрчлүүдийг мэдээлэхдээ хэрхэн, ямар арга, хэлбэрээр үзүүлэх талаар хүний эрхийн хандлага, мэдрэмж шаардагдаж байна. Олны анхаарал татахын тулд нэг удаа шуугиулаад өнгөрөх үү? Цаад үр дүн, үр дагавар нь хаана хүрэх вэ? Бичсэн нийтлэл, бэлтгэсэн нэвтрүүлгийн нөлөөгөөр хэн нэгний нэр хүнд сэвтэж байх вий, ирээдүй , хувь заяа нь бүрхэг, бүүдгэр болох вий.
Хүний эрхийн хамгаалагчийн зэрэгцээ хүний эрхийн зөрчлийг санамсаргүй байдлаар, мэдлэг, ойлголт муутайгаасаа болоод үйлдэж байгаа сэтгүүлч байгаа нь нууц биш. Хүний эрхийн зөрчил үйлдэж байгаагаа мэдэхгүйгээр зөрчсөн тохиолдол цөөн биш байгаа нь Хүний эрхийн Үндэсний Комисст ирж байгаа зарим гомдлоос харагддаг. Хүний нэр төрд халдсан, санаатайгаар бусдыг гутаан доромжлох, бүдүүлэг үг хэллэг ашиглах, хувийн мэдээллийг нийтэд дэлгэх зэрэг хүний эрх, эрх чөлөөнд халдсан үйлдлүүд гарсаар байна.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын хэвлэн нийтлэх үйл ажиллагаа нь хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд голлох үүрэгтэй. Олон нийтийн мэдээллийн хэрэгсэл нь олон нийтэд хүний эрхийн мэдлэг ойлголт, соёлыг олгох, улмаар нийгэмд эерэг сайхан бүхнийг авчрах онцгой үүрэг бүхий тогтолцоо байдаг.
Гэвч харамсалтай нь өнөөдөр Монголын хэвлэл мэдээлэл хараат бус байж чадахгүй байгааг бодит жишээнүүд харуулж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын хөрөнгө оруулагч эздийн хараа хяналт сэтгүүл зүйн бүтээлд шууд нөлөөлдөг зэргээс үүдэлтэй юм.

...Олон улсад нийтээр санаа зовниж буй гол асуудал нь сэтгүүлчдийн хамгаалал, аюулгүй байдал юм. Энэ талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2015 онд Улсын Их Хуралд өргөн барьсан “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 14 дэх илтгэл”-ийн II бүлэг “Хүний эрхийн хамгаалагч-Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан, сэтгүүлч” хэсэгт бичиж, нөхцөл байдлыг сайжруулах тодорхой саналуудыг хүргүүлсэн билээ. Харамсалтай өнөөг хүртэл тодорхой ахиц дэвшил гарсан зүйл алга. Хэвлэн нийтлэх үйл ажиллагааг дэмжих, мэргэжлийн сэтгүүл зүйг хөгжүүлэхэд түшиц болохуйц, сэтгүүлчдэд тулгарч буй аюул занал, халдлагаас хамгаалах эрх зүйн орчин өнөө хэр боловсронгуй болоогүй хэвээр байна.

Тэгвэл бидэнд юу хэрэгтэй юм бэ. Сэтгүүлч таны бэлтгэсэн мэдээлэл ямар үед үнэ цэнэтэй байх вэ. Хүний эрхийн наад захын мэдлэг, ойлголтыг олж авч, хүний эрхэд суурилсан хандлагыг (монголчууд бид хүн байх ухаан гэж нэрлэж ирсэн) хүн бүрт төлөвшүүлэхийн төлөө хүчин зүтгэцгээе.
Хүн бүрийн эрх, эрх чөлөөг бодитой эдлүүлэхийн тулд боловсрол, сургалт, суралцахуйн бүх хэлбэр, мэдээлэл, харилцааны технологи, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, урлагийн төрлөөр дамжуулан хүний эрхийн мэдлэг, ойлголтыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхийн боловсрол олгох үйл ажиллагааг хөхиүлэн дэмжих олон тооны санал санаачилга дэлхий нийтэд өрнөж байна.

Сэтгүүлч, хэвлэл мэдээллийн ажилтнуудын хэвлэн нийтлэх үйл ажиллагаа нь хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжихэд чухал үүрэгтэй. Тийм ч учраас НҮБ-ын Хүний эрхийн боловсрол, сургалтын тухай тунхаглал, Хүний эрхийн боловсролын дэлхийн хөтөлбөр, үйл ажиллагааны төлөвлөгөөний гуравдугаар үе шатанд хэвлэл мэдээллийн ажилтнууд, сэтгүүлчдэд хүний эрхийн сургалт явуулахаар тусга. Үүнийг хэрэгжүүлэхдээ хэвлэл мэдээллийн ажилтан, сэтгүүлчдийн хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үүргийг онцлон тэмдэглэх, тэдэнд зориулсан үр дүнтэй сургалтын хөтөлбөр удирдамжаар хангах, сургалтын тогтвортой стратеги боловсруулан хэрэгжүүлэх, хүний эрхийн сургалт явуулахад дэмжлэг үзүүлэхийг чиглэл болгожээ. Гэвч манай улсын хувьд энэ ажил хангалтгүй байгаа тул Хүний эрхийн Үндэсний Комисс энэ хавар УИХ-д өргөн барьсан илтгэлдээ сэтгүүлч, хэвлэл мэдээллийн салбарт ажиллагсдын хүний эрхийн боловсрол олгох тогтолцоог бий болгох, энэ талаар төр засгаас бодлогоор дэмжих, шат дараалсан бодит ажил хэрэг явуулахыг санал болгон асуудлыг хөндсөн байгаа.

Нөгөө талаар хүний эрхийн хамгаалагч сэтгүүлчдийн аюулгүй байдал, ажил хөдөлмөрөө дарамт шахалтгүйгээр чөлөөтэй явуулах, хамгаалалтад байх асуудал нэн чухлаар хөндөгдөж байгааг энд онцлон тэмдэглэх ёстой юм. Хүний эрхийн хамгаалагчдын эрх зүйн орчин Монгол Улсад шаардлагатай юу гэвэл шаардлагатай, үгүйлэгдэж байна уу, гэвэл тийм. Тийм ч учраас Хүний эрхийн Үндэсний Комиссоос санаачлан иргэний нийгэм болон олон улсын байгууллагуудын оролцоотойгоор Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг санаачлан өргөн барьсан ч бие даасан хууль байх шаардлагагүй гэсэн няцаалттай тулгараад байна. Өнөөдөр манай улсад НҮБ-ын тусгай илтгэгч айлчлан ажиллаж байна. Хүний эрхийн хамгаалагчдын нөхцөл байдлыг илүү бодитой, нухацтай авч хэлэлцэн байх гэж найдаж байна" гэсэн юм.