Хүний эрхийг хамгаалагчдад халдсан явдалд эмгэнэл илэрхийллээ - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийг хамгаалагчдад халдсан явдалд эмгэнэл илэрхийллээ

  2015 оны 10 дугаар сарын 26-ны өглөө Афганистаны Хараат бус Хүний эрхийн Комиссын (АХБХЭК) Нангерхар нутгийн 8 ажилтан ажилдаа явж байх замдаа тэсрэх бөмбөгөнд өртсөнөөс хоёр хүн нас барж, зургаан хүн шархадсан байна. Афганистаны Хараат бус Хүний эрхийн Комисс (АХБХЭК) нь хүний эрх, эрх чөлөөний төлөө тууштай тэмцэж, ард иргэдийнхээ итгэл, хүндлэлийг олж авсан, хүчирхэг, хараат бус хүний эрхийн үндэсний байгууллага билээ. Тус улс дахь улс төрийн нөхцөл байдлын улмаас Комиссын гишүүд, ажилтнууд, хүний эрхийг хамгаалагчид өдөр тутам аюул, заналхийлэлтэй тулгарч байдаг хэдий ч хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих үйлсэд хүчин зүтгэж, хүний эрхийн төлөө тэмцэж, буруутай этгээдэд хариуцлага тооцуулахаар ажилладаг нь Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн Үндэсний байгууллагуудад туршлага болдог. Иймд Ази Номхон Далайн Чуулган тус Комисст туслалцаа, дэмжлэг үзүүлж ажиллахад бэлэн байгаагаа тус чуулганы Ажлын хэсгийн хурлын үеэр АНДЧ-ын дарга бөгөөд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж илэрхийлээд "Тэд ийнхүү халдлагад өртсөн явдалд ихэд харамсч байгаа бөгөөд энэ нь Афганы ард иргэдийн төлөө, тэдний эрх, эрх чөлөөг тууштай хамгаалж, тэмцэж буй хүний эрхийг хамгаалагчдын эсрэг үйлдсэн зэрлэг, балмад хүчирхийлэл юм. Иймд амь насаа алдсан ажилтнуудын гэр бүлийн гишүүд болон АХБХЭК-ын хамт олонд гүн эмгэнэл илэрхийлж, түүнчлэн шархадсан хүмүүс бүгд бүрэн эдгэрнэ гэдэгт найдаж байна" хэмээн эмгэнэл илэрхийллээ.