• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн боловсрол нь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чухал үүрэгтэйг онцлов

2019 оны 10 дугаар сарын 14-16-нд БНСУ-ын Бусан хотноо “Энхтайван, шударга ёс, оролцоог хангасан нийгмийг бүтээх бүх нийтийн боловсрол” сэдэвт форумд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг оролцож, "Ази дахь Ардчиллын Боловсрол" сэдвийн дор явагдах салбар хуралдааныг чиглүүлэгчээр ажиллахын сацуу "Монгол Улс дахь хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжихэд ХЭҮБ-ын үүрэг оролцоо" сэдвээр мэдээлэл хийв. Тэрбээр хүний эрхийн боловсрол нь хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд чухал үүрэгтэй болохыг онцлон тэмдэглээд, Ази Номхон Далайн бүс нутаг дахь Хүний эрхийн үндэсний байгууллагууд хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжиж, түгээн дэлгэрүүлэх чиглэлээр хэрхэн ажилладаг туршлагаас хуваалцаж, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь хүний эрхийн боловсролыг хөхиүлэн дэмжихэд холбогдох талуудтай хэрхэн ажиллаж байгаа талаар ярив. Тухайлбал ХЭҮК нь Хууль зүйн их, дээд сургуулиуд болон Монголын Хуульчдын Холбоотой хамтран хуульчийн кредит цагийн сургалтын хөтөлбөрт хүний эрхийн хичээлийг заавал сонгон судлах хичээл болгон нэвтрүүлсэн зэрэг туршлагаасаа хуваалцлаа.

2019.10.15 o gishuun.jpg

2019.10.15 Oyunchimeg gishuun.jpg

"Бусан Ардчиллын Форум-2019" нь БНСУ-ын Бусан хотын захиргаа, БНСУ-ын Олон Улсын Хамтын ажиллагааны агентлаг буюу КОИКА, ЮНЕСКО, Азийн Хөгжлийн Холбоо, Азийн Ардчиллын Сүлжээ болон "Тогтвортой Хөгжлийн Зорилго"-ын асуудлаарх, ялангуяа ТХЗ-ийн Зорилт 4.7 буюу Бүх нийтийн боловсрол, зорилго-16: "Энх тайван, шударга ёсыг цогцлоох нь" сэдвийн хүрээнд ажилладаг олон улсын болон орон нутгийн хүрээлэн, байгууллагуудтай хамтран зохион байгуулж буй хамтын санал санаачилга юм. Тус форум нь:

I) Янз бүрийн санал санаачилга, туршлага хуваалцах замаар дэлхий дахины бүх нийтийн боловсролд зориулж нэгдсэн хандлага, арга зүйг боловсруулах;

II) Үндэсний түвшинд Зорилт 4.7-ийн хэрэгжилтийг үнэлэх;

III) Дэлхий дахинд тулгарч буй сорилт бэрхшээлийг даван туулахад бүх нийтийн боловсролыг хөхиүлэн дэмжиж, ТХЗ-ийн Зорилго 16, 17 болон бусад нийтлэг шинж бүхий Зорилго-5: (Жендэрийн тэгш байдал), 10 (Тэгш байдал) болон 13 (Цаг уурын өөрчлөлт) зэрэг асуудлаар ажиллуулах зорилготой ажээ. Форум үргэлжилж байна.