• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн дээд комиссар Монгол Улсын хүчин чармайлтыг онцолжээ

НҮБ-ын Хүний эрхийн Дээд комиссар х.Мишель Бачелет энэ сарын 24-ний өдөр Женев хотноо ажлаа эхэлсэн Хүний эрхийн зөвлөлийн 43 дугаар чуулганд олон улс дахь хүний эрхийн төлөв байдлын талаар хэлсэн үгэндээ Монгол Улсын талаар дараах байр суурийг илэрхийллээ.

“Монгол Улс иргэний нийгмийн идэвхтэй оролцоотойгоор Хүний эрхийн хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай цогц хууль боловсруулах санаачлага гаргасан нь бусдад урам зориг өгсөн алхам бөгөөд хуулийн төслийг ойрын хугацаанд Парламентад өргөн барина гэдэгт итгэлтэй байна. Монгол Улсын Парламент өнгөрсөн сард Хүний эрхийн Үндэсний Комиссын дэргэд Эрүүдэн шүүхээс урьдчилан сэргийлэх үндэсний механизм байгуулах хуулийн нэмэлт өөрчлөлт баталсныг миний бие сайшаан тэмдэглэж байна”.

Чуулганд оролцсон манай төлөөлөгч Дээд комиссарын хэлсэн үгтэй холбогдуулан үг хэлэв.

Хүний эрхийн зөвлөлийн энэ удаагийн ээлжит чуулганы нээлтэд оролцсон НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга н.Антонио Гутереш энэ онд тохиож буй НҮБ-ын 75 жилийн ойг тохиолдуулан дэлхий дахинд тулгамдаж байгаа олон талт асуудлыг шийдвэрлэх гогцоо асуудал нь хүний эрхийг дээдлэх, хэрэгжүүлэх явдал болохыг онцолж “Хамгийн эрхэм зорилго: Хүний эрхийн төлөөх уриалга” (The Highest Aspiration: Call to Action for Human Rights) гаргаж байгаагаа мэдэгдэв. Энэ уриалгын дор 1/ тогтвортой хөгжлийг хангах үйл хэрэгт хүний эрхийг эрхэм болгох, 2/ хямралын үед хүний эрхийг хангах, 3/ жендэрийн тэгш байдал, эмэгтэйчүүдийн тэгш эрх, 4/ олон нийтийн оролцоо, иргэний нийгмийн орон зай, 5/ ирээдүй үеийнхний эрх, уур амьсгалын өөрчлөлт ба шударга ёс, 6/ олон улсын хамтын үйл хэрэгт хүний эрхийг эрхэмлэх болон 7/ дижитал технологи зэрэг хүний эрхийн шинэ талбарт дэвшил гаргах чиглэлээр тодорхой арга хэмжээг хамтын хүчээр хэрэгжүүлэхийг дэлхийн хамтын нийгэмлэгт уриалжээ.

Эх сурвалж: Гадаад харилцааны яам