• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг говийн бүс нутагт зохион байгуулна

 Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг 2001 оноос эхлэн зохион байгуулж байгаа. Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Парисын зарчимд заасны дагуу Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа олон нийтэд хүртээмжтэй байх ёстой.  Тиймээс Комисс үйл ажиллагаагаа хүртээмжтэй болгох үүднээс энэхүү арга хэмжээг жил бүр зохион байгуулсаар ирсэн билээ. "Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийн үеэр Хүний эрхийн Үндэсний Комисс хөдөө орон нутгийн ард иргэдэд хүрч үйлчилж, бүс нутгийнханд зориулсан үйл ажиллагааг явуулдаг.    Тухайлбал, орон нутгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, Засаг дарга нараас сүүлийн гурван жилд гаргасан нийтээр дагаж мөрдөх шийдвэрүүд нь хүний эрх, эрх чөлөөг хангаж чадаж буй эсэхэд дүн шинжилгээ хийх, цагдан хорих болон эрүүлжүүлэх байр, хилийн цэргийн анги, цагдаагийн байгууллагуудтай хамтран үзлэг, шалгалт, мониторинг хийх, төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнуудад зориулсан хүний эрхийн сургалт явуулах, олон нийтийн уулзалт зохиох, иргэдийн өргөдөл, гомдлыг  хүлээн авч, боломжтойг нь газар дээр нь шалгаж шийдвэрлэх, хууль зүйн үнэ төлбөргүй зөвлөгөө өгөх зэргээр тухайн бүс нутаг дахь хүний эрхийн зөрчлийг арилгах зорилгоор ажилладаг.     Хүний эрхийн Үндэсний Комисс 2011 онд 10 аймагт ажиллахаар төлөвлөж, тэдгээрээс долоон аймагт нь очиж ажиллаад байна. Оны эхний улиралд Хэнтий, Дорнод, Сүхбаатарт, II улиралд баруун бүсийн Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий, Увс аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгуулсан бол есдүгээр сарын 19-28-ны өдрүүдэд Өвөрхангай, Дундговь, Өмнөговь аймагт ажиллана. Энэ удаагийн Комисс нээлттэй өдрийн арга хэмжээний үеэр дээр дурьдсан үйл ажиллагаанаас гадна хилийн цэргийн болон зэвсэгт хүчний анги нэгтгэлүүдийн нөхцөл байдалд мониторинг дүн шинжилгээ хийж, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын эмэгтэй албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, цэргийн албан хаагчдын хүүхдийн сурч боловсрох эрхийн асуудлаар судалгаа явуулж байгаагаараа онцлог юм. "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн "Хуульзүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төслийн оролцоо, дэмжлэгтэйгээр зохион явуулж байна.