• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг Дундговь аймаг зохион байгууллаа

"Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээг 2019 оны 06 дугаар сарын 19, 20-ны өдрүүдэд Дундговь аймагт зохион байгууллаа. Нээлттэй өдрийн хүрээнд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг тус аймгийн Засаг дарга, төрийн байгууллагуудын удирдлагууд, нутгийн иргэдтэй уулзаж, хүний эрхийн асуудлаар мэдээлэл солилцлоо. 2019 оны 06 дугаар сарын 19-нд Дундговь аймгийн иргэдтэй хийсэн уулзалтад 80 гаруй хүн оролцож, орон нутаг дахь хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой асуудлаар санал бодлоо илэрхийлж, хүний эрх зөрчигдөж байгаа тохиолдлын талаар мэдээлэл өгөв. Хүний эрхийн нээлттэй өдрийн хүрээнд төрийн болон хууль сахиулах байгууллагуудын 100 гаруй албан хаагчид хүний эрхийн сургалт явууллаа.

Мөн иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгч, гомдол хүлээн авч ажиллалаа. Тус аймгийн иргэдээс ирүүлсэн гомдол мэдээллийн агуулга нь гэр бүлийн салалтаас үүдэлтэйгээр хүүхдийн эрх зөрчигдөх, ажлаас үндэслэлгүйгээр халах, иргэдийн хөдөлмөрлөх эрхийг зөрчих, халдашгүй дархан байх эрх зөрчигдсөн зэрэг асуудал байлаа. Дундговь аймгийн Засаг дарга, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас сүүлийн жилүүдэд гаргасан эрх зүйн акт, баримт бичгүүдэд хүний эрхийн дүн шинжилгээ хийлээ.

Нээлттэй өдрийн үеэр Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн бүрэн эрхийнхээ хүрээнд аймгийн цагдан хорих байр болон эрүүлжүүлэх байр, урьдчилан саатуулах төв зэрэг улсын тусгай объектуудад хяналт шалгалт хийлээ. Шалгалтын дүнг аймгийн удирдлагуудад урьдчилсан байдлаар танилцуулж, илэрсэн зөрчил дутагдлыг арилгуулахаар холбогдох албан тушаалтнуудад ХЭҮК-ын гишүүний Шаардлага, Зөвлөмжийг хүргүүлэх юм.