• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрхийн нээлттэй өдөр“-үүд баруун бүс нутагт амжилттай үргэлжилж байна

Хүний эрхийн Үндэсний Комисс НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төсөлтэй хамтран баруун дөрвөн аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээг амжилттай зохион байгуулж байна. Өнөөдрийн байдлаар Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий аймгуудад Хүний эрхийн Үндэсний Комисс ажиллаж, дээрх аймгуудын ард иргэдэд хүний эрхийн чиглэлээр сургалт, сурталчилгаа явуулж, өргөдөл гомдлыг нь хүлээн авч, хууль зүйн зөвлөгөө өгөн хүний эрхийн зөрчлийг арилгах, эрхээ хамгаалахад нь тодорхой хувь нэмэр оруулаад байна.     Хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүрэгтэй Хүний  эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан баг баруун бүс нутгийн иргэдийн эрхийн асуудалд анхаарал хандуулж, "Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг гурван аймагт зохион байгууллаа.        Хүүхдийн эрхийг хамгаалах олон улсын өдрөөр Баян-Өлгий аймагт "Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг зохион байгуулж давхацсан нь билэгшээлтэй байсан бол Хүний эрхийн баг энэ сарын 5-7-ны өдрүүдэд Увс аймгийн Улаангом суманд  ажиллах юм. Аймгуудын Засаг даргын Тамгын газар болон НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн "Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төсөлтэй хамтран зохиож буй Хүний эрхийн нээлттэй өдрүүдэд баруун бүс нутгийн иргэдийн өргөдөл гомдлыг Хүний эрхийн Үндэсний Комисс хүлээн авч, танилцан зөвлөгөө өгөхөөс гадна төрийн зарим байгууллагын албан хаагчдад зориулан "Хүний эрх” сэдэвт уулзалт, ярилцлага, сургалт явуулж байна. Мөн аймгуудын цагдан хорих болон эрүүлжүүлэх байрны нөхцөл байдалтай танилцаж, тухайн орон нутгийн удирдлагын зүгээс олон нийтэд хандаж гаргасан тогтоол, захирамж нь хүний эрхийн зарчимд нийцэж буй эсэхийг хянаж шалгаж байгаа болно.      ХЭҮК-тэй хамтран ажиллаж буй НҮБХХ-ийн "Хууль зүйн үйлчилгээний хүртээмж ба хүний эрх” төсөл нь Монгол Улсын Засгийн газар, НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр хоорондын ардчилсан засаглалыг төлөвшүүлэх, ядуурлыг бууруулж, хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлэх ажлын хүрээнд дэх хамтын ажиллагааны чухал бүрэлдэхүүн хэсэг юм. Нийгмийн ядуу, эмзэг бүлгийнхнийг эрхээ мэдэх, хамгаалах, эдлэх чадавхийг нэмэгдүүлэх, алслагдмал бүлгийнхэнд хууль зүйн үйлчилгээг хүртээмжтэй болгох, Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд түлхэц өгөх зорилготой тус төслийн ажилтнууд ХЭҮК-той хамтран "Хүний эрхийн нээлттэй өдөр”-ийг зохион байгуулж, мөн иргэдийн дунд хоёр  төрлийн судалгааг  явуулж байна.