• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрхийн тухай ярилцъя” ээлжит уулзалт боллоо

2015 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форумтой хамтран "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтыг хийлээ. Уулзалтад төрийн болон төрийн бус байгууллагын 27 төлөөлөл оролцлоо. Энэ удаагийн уулзалтын сэдэв нь ”Ураны уурхай-Хүний эрх” байсан бөгөөд "Их Бага Баяншарга” ТББ-ын тэргүүн Л.Бор, Монголын эрдэмтдийн Үндэсний зөвлөлийн тэргүүн эрдэмтэн С.Цэрэнчимэд, Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэн, "Урангүй Монгол” хөдөлгөөний идэвхтэн Ч.Мөнхбаяр нар тулгамдсан асуудлын талаар мэдээлэл хийв. "Их Бага Баяншарга” ТББ-ын тэргүүн Л.Бор: "Монгол Улсад өнөөдрийн байдлаар ураны хайгуул, ашиглалтын 60 лиценз олгогдоод байна. Үүнээс хамгийн их лицензийг Дорноговь, Дорнод аймагт олгосон байдаг. Дорноговь аймгийн Улаанбадрах суманд ураны аюулын хэмжээ гамшгийн хүрээнд хүрлээ гэсэн иргэдийн гомдол маш их ирсний дагуу бид бүхэн өнгөрсөн зун газар дээр нь очиж шалгалт хийгээд ирлээ. Тэгтэл бодит байдал дээр аюулын хэмжээ бидний бодож байснаас ноцтой түвшинд хүрсэн байсан. Тухайлбал биднийг очсон өдөр тус сумын уяачийн хурдан морь хордож үхсэн байлаа. Үхлийн шалтгаан нь морины толгой тэр чигтээ хавдсан гэсэн оноштой байв. Бид ураны тархалтын хэмжээг багажаар шалгаж үзэхэд хүлцэх хэмжээнээс 2 дахин өндөр байсан. Түүнчлэн нэр бүхий компаниуд Монголын залуучуудыг олборлолтын голомтод хамгаалалтын хувцасгүй ажиллуулж байгаа зөрчил илэрсэн юм. Үүгээр ч зогсохгүй малчдын ундны усыг залгуулдаг худаг руу уранаар бохирлогдсон хоолойг оруулж, өдөртөө 10 тонн усыг соруулж авч бохирдуулдаг зэрэг ноцтой зөрчил илэрсэн. Энэ үйлдэл бол тус сумын нийт хүн амын эрүүл мэнд, амь насанд заналхийлж буй бодит жишээ мөн. Бид тус сумын ИТХ-ын даргатай уулзаж, энэхүү нөхцөл байдлыг хэрхэн шийдвэрлэх гэж байгаа талаар саналыг нь асуухад "Одоогоор төлөвлөсөн зүйл алга. Олборлолт явуулж байгаа компаниас хийсэн ажлынхаа талаар тайланг ирүүлсний дараа үр дүн нөхцөл байдлыг үнэлж үзээд ажиллана” гэж хэлсэн гэв. Монголын эрдэмтдийн Үндэсний зөвлөлийн тэргүүн эрдэмтэн С.Цэрэнчимэд: "Дорноговь аймгийн Улаанбадрах суманд би 2012 онд очиж судалгаа шинжилгээний ажлыг хийсэн. Тус сумын иргэдээс мал ямар нэгэн тодорхой оношгүйгээр олноороо үхэх боллоо гэсэн гомдлыг гаргасны дагуу тусгай баг гарч очсон. Тэнд очоод бид үхсэн мал, өвчилсөн мал, голомтод бүсэд байгаа 5 хошуу малаас дээж авсан. Мөн голомтоос 100 гаруй километрийн цаана байгаа малчны хотоос шинжилгээ авсан. Нийтдээ 280 малаас цусны, арьс салстын дээж авч олон улсад аттестатчилагдсан геологийн төв лаборатори, мал эмнэлзүйн үндэсний төв болон бусад шинжилгээний байгууллагад дээжийг явуулж нарийвчилсан шинжилгээг хийлгэсэн. Өвчилсөн болон үхсэн малаас авсан сорьцыг эрүүл малтай харьцуулж үзэхэд харьцангуй аюултай дүгнэлт гарсан. Би тэрхүү дүгнэлтийг малчны эсхүл Засгийн газрын таалалд нийцүүлж гаргаагүй. Цэвэр шинжлэх ухааны үндсэн дээр нарийвчилсан шинжилгээнд тулгуурлан гаргаж Ерөнхий сайдад 2013 оны 1-р сард танилцуулахад маш сайн ажил болсон байна. Цөмийн энергийн газраас ураны бохирдол илрээгүй гээд байсан нь худал байж. ЦЭГ-т дахин судал гэсэн чиглэл өгч, Эрдэмтдийн дүгнэлт илүү бодит байна гэж хэлсэн. Харамсалтай нь Ерөнхий сайд 3 хоногийн дараа энэ саналаасаа буцаад зогсохгүй, асуудал улам даамжирч намайг ажлаас халсан. Би халагдсандаа хорсч шаналсан зүйл байхгүй. Гагцхүү Улаанбадрах суманд нүүрлээд байгаа бодит аюулыг зогсоохыг л хүсэж ажиллаж байна. Дорноговь аймгийн ЭМТ-ийн даргын тайланд Улаанбадрах суманд 2012-2014 онд 47 хүн жирэмсний хяналтад орсны 27 хувь нь зулбасан гэсэн байснаас үзвэл тус сумын хүн ам ямар аюултай нөхцөл байдалд байгааг гэрчлэх гол зүйл мөн” гэв. Дорноговь аймгийн Улаанбадрах сумын малчин Д.Норсүрэн: "Манай малууд тодорхой оношгүйгээр олноороо үхэж эхэлсэн. Гарсан төлүүд маань үе мөчний болон бусад төрлийн гажигтай, нүд нь сохор, гэдэс дотор цувсан байдалтайгаар төрөх зэрэг аюултай үзэгдэл гарах болсон. Ийм ч учраас удаа дараалан дээд шатны байгууллагуудад хандаж судалгаа шинжилгээ хийж өгөөч хэмээн хүсэх болсон. Тэд ирээд судалж үзээд малын өвчин байна. Гэхдээ уранаас болоогүй л гэдэг дүгнэлтийг гаргадаг болсон. Ураны олборлолт хийхээс өмнө зүгээр байсан мал гэнэт олноороо үхээд эхэлж байхад уранаас болоогүй гэсэн дүгнэлтийг л гаргаад байгаа нь харамсалтай” гэлээ. Мэдээллийн дараа оролцогчид асуулт асууж, саналаа хэлээд дараах дүгнэлтэд хүрлээ. 1. Ураны аюул, хор хөнөөлийг олон нийтийн анхааралд оруулах, төр засгийн бодлогыг тийш нь хандуулах шаардлагатай байна. Иймд ТББ-ууд дангаараа тэмцээд нэмэргүй. Тиймээс бүгд эвлэлдэн нэгдэж хамтдаа тэмцэх нь зүйтэй гэж үзлээ. 2. Уг асуудлыг УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд өргөн мэдүүлж, нээлттэй сонсгол явуулбал олны анхаарлын төвд хүрнэ гэж дүгнэлээ. 3. "Хүний эрхийн тухай ярилцъя” сэдэвт дараагийн уулзалтыг 2015 оны 12 дугаар сарын 17-нд товлож тус өдөр хийхээр товлосон ажлуудынхаа төлөвлөгөөг нарийвчлан гаргахаар тогтов.
Гэрэл зургуудыг Б.Мөнхгэрэл