• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтад "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн Ч.Ганжавхланг урьж оролцууллаа

Нийгэм дэх хүний эрхийн тулгамдсан асуудлыг олны анхааралд хүргэх, олон нийтийн санаа бодлыг сонсох, мэдээлэл солилцох, хүний эрх, эрх чөлөөний талаарх дүн мэдээг хүргэх, хүний эрхийн чиглэлээр ажиллаж буй иргэний нийгмийн байгууллагууд, иргэдийг чадавхжуулах, эрхээ шаардах чадамж, сэдлийг төрүүлэх зорилгоор "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалтыг 2013 оноос эхлэн зохион байгуулсаар ирсэн юм. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм ТББ-тай хамтран сар бүр зохион байгуулдаг уг арга хэмжээний 2019 оны эхний зочноор "Лантуун дохио" ТББ-ын тэргүүн, Ид шидийн оронг үүсгэн байгуулагч Ч.Ганжавхланг урьж оролцууллаа.

IMG_0183.JPG

Тэрбээр "Залуучуудын оролцоо, нийгэм дэх байр суурь" сэдвээр мэдээлэл хийхээр уригдсан бөгөөд өнөөгийн нийгэмд хүн бүр хүссэн зүйлээ хийх, ялангуяа сайн үйлсэд бусдыг уриалан дуудах, ажил хэрэг болгох олон боломж байдгийг өөрийн амьдралд тохиолдсон бодит жишээнд тулгуурлан сонирхолтой илтгэж байлаа. "...Монголчууд "Төрийн төлөө оготно боож үхнэ" гэсэн хэлц үг хэрэглээд аливаа үл бүтэх үйлийг хүлцэн тэвчих, мэдсэн ч мэдээгүй мэт, сонссон ч сонсоогүй мэт өнгөрдөг нь өнөөдрийн болж бүтэхгүй байгаа зүйлсийг хаацайлах, даамжруулах нөхцөл болж байгааг анзаараасай. Хүн бүрт сайн сайхныг түгээх хүч, нөөц бололцоо бий. Бусдад тусалж чадна, болно бүтнэ гэсэн хүсэл зоригоо бадраах хэрэгтэй. Олны хүч оломгүй далай болохыг "Ид шидийн орон-1"-ийг бүтээн байгуулалт харуулсан. Одоо бид энэ төслийг 2 дахийг Баянзүрх дүүргийн алслагдсан хороо буюу Шар хадны эцэст барихаар төлөвлөөд ажиллаж байна. Хүн бүр өдөрт 10-т, 20-т, 50-т, 100-тын дэвсгэртийг хандивлах боломж байгаа эсэхийг банктай хамтран судалж байна. Хэрвээ та хүсвэл бутархай мөнгөн дэвсгэртийг бага гэлтгүй манай "Ид шидийн орон-2"-ын бүтээн байгуулалтад зориулж хандив өргөвөл баярлана. Манай бүх үйл ажиллагааны санхүү төсвийн задаргаа, тооцоо бүгд ил, нээлттэй байдаг.

...Өнөөдөр асрамжийн газар, архины үйлдвэр хоёрын гэрэл цахилгааны ялгаагүй ижил тарифтай байгаа нь жаахан шударга бус санагддаг. Нэг ч гэсэн утаа гаргахгүй, байгальд ээлтэй байлгах үүднээс Ид шидийн оронг цахилгаан халаалттай байхаар шийдвэрлэсэн ч, хоёр удаа цахилгааны төлбөрийг оройтуулсан гэсэн шалтгаанаар гэрлээ таслуулсан тохиолдол бий.

...Аливаа асуудлыг шийдвэрлэхэд, дуу хоолой болоход заавал өндөр мэдлэг боловсрол шаардлагагүй. Зүгээр л сэтгэлтэй, тэмүүлэлтэй байхад ерөнхий суурь босно. Хэрвээ тэр өдөр 5 настай охиныг Шүүхийн шинжилгээний албанд шинжилгээ өгөх төлбөргүй зогсч байхад нь тааралдсан залуу асуудлыг ил гаргалгүй, зүгээр өнгөрүүлсэн бол нийгэмд ингэтлээ цочрол өгч чадахгүй, нуун дарагдаад өнгөрөх байсан байх. Үүний цаана ганц тэр охиноор зогсохгүй, зөндөө олон хүүхэд хүчирхийллийн золиос болох ч байсныг үгүйсгэхгүй. Хэрвээ тэр өдөр охиныхоо төлөө тэмцэл хийж байсан аавтай тааралдаагүй бол миний ажил, амьдрал ч бас өөр зүгт явах байсан юм бил үү. Хүн бүр өөрсдийгөө голохгүйгээр хөдлөөд үзье...

Өглөөний уулзалтад төрийн болон иргэний нийгмийн байгууллага, хэвлэл мэдээллийн байгууллагууд, өмгөөлөгч, залуус, иргэдийн төлөөлөл 30 гаруй хүн оролцсон бөгөөд илтгэгч зочны мэдээллийг ихэд дэмжин, бүгдээрээ л хүүхэд хамгааллын байр, цэцэрлэг барих бүтээн байгуулалтад оролцон ид шидтэй ах, эгч болохыг хүсч байгаагаа илэрхийлж байлаа.

"Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний уулзалт ирэх 2 дугаар сард "Цахим эрх чөлөө" сэдвээр болно.