“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт боллоо - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт боллоо

 Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форумтой хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт 2016 оны 5 дугаар сарын 19-ний өдөр боллоо. Өглөөний уулзалтад иргэний нийгмийн байгууллагууд, ХЭҮК-ын ажилтнуудын төлөөлөл 30 гаруй хүн оролцов. Уулзалтын зочноор хүүхэд хамгааллын төрийн бус байгууллагуудын үндэсний сүлжээний төлөөллүүд оролцож "Хүүхдийн эрх, хамгаалал – Эрх зүйн орчин” сэдвийн хүрээнд 3 асуудлаар мэдээлэл хийлээ. Уулзалтаар "Хүүхдийн эрх хамгаалал төв”-ийн тэргүүн Л.Бадамцэцэг Эрүүгийн хууль болон Зөрчлийн тухай хуульд хүүхэд хамгааллын тогтолцоог хэрхэн тусгасан, "Монголын сургуулийн нийгмийн ажилтны нийгэмлэг”-ийн тэргүүн Б.Мөнхжаргал 2016 оны 9 дүгээр сарын 1-ээс мөрдөгдөж эхлэх Хүүхдийн эрхийг хамгаалах тухай хуулийн шинэчилсэн найруулгын талаар, "Хүүхдийн тэвчишгүй хөдөлмөрийн эсрэг үндэсний сүлжээ”-ний тэргүүн Ц.БаттуяаХөдөлмөрийн сайдын 2016 оны 2 дугаар сарын 8-ны өдрийн А/36 тушаалаар батлагдсан насанд хүрээгүй хүүхдүүд эрхлэх хориотой 11 чиглэл бүхий 79 ажлын жагсаалтын талаар тус тус танилцуулга мэдээлэл хийсэн юм. Үүний дараагаар иргэний нийгмийн байгууллагын төлөөллүүд хүүхдийн эрхийн талаар тус тусдаа ажиллах бус хамтран ажиллаж, Засгийн газрын бодлогод хүүхдийн эрхийн тулгамдсан асуудлуудыг шийдвэрлүүлэхээр тусгуулах цаг болсныг ярьж байлаа. Түүнчлэн аж ахуйн нэгж байгууллагууд ашгийнхаа 0.01 хувийг хүмүүнлэгийн үйлсэд тэр тусмаа хүүхэд хамгааллын чиглэлд зарцуулах асуудлыг аж ахуйн нэгж, байгууллагуудад уриалах ажлыг зохион байгуулах талаар харилцан санал солилцлоо.
Гэрэл зургийг Б.Мөнхгэрэл