“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт боллоо - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт боллоо

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт 2017 оны 1 дүгээр сарын 19-ний өдөр боллоо. Уулзалтын зочноор Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийн Удирдах зөвлөлийн дэд дарга У.Тамир оролцож "Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтыг Монголд нутагшуулах нь” сэдвийн хүрээнд мэдээлэл хийлээ. Хэвлэлийн мэдээллийн хэрэгслийн дотоод хяналтын механизм нь анх 1916 онд Шведэд үүссэн бөгөөд өнөөдрийн байдлаар дэлхийн 123 оронд байгуулагдан үйл ажиллагаагаа явуулж байгаа аж. Монгол улсад хэвлэл мэдээллийн байгууллагууд, салбарын судлаач эрдэмтэд, идэвхтэн гишүүдийн оролцоо дэмжлэгтэйгээр Монголын Хэвлэл Мэдээллийн Зөвлөлийг байгуулж, сэтгүүлчдийн ёс зүйн зарчмыг шинэчлэн баталж үйл ажиллагаагаа эхэлсэн талаар тэрээр танилцууллаа. Хэвлэл мэдээллийн байгууллага нь нийгмийн өмнө өндөр үүрэг хариуцлага хүлээдэг. Гэвч сүүлийн жилүүдэд хэвлэл мэдээллийн зарим хэрэгслүүд өөрийн үндсэн зарчим, чиг үүргээсээ хазайж бусдаас хэвлэх, эс хэвлэх болзол тулган мөнгө нэхэх, дарамтлах,баримтгүй, сураг таамгаар бичих, бусдын нэр төр алдар хүндийг санаатайгаар гутаах, гүтгэн гүжирдэх, нэг нэгнээсээ хуулах зэрэг ёс зүйн зөрчил гаргах болсон нь иргэдийн хэвлэл мэдээлэлд итгэх итгэлийг унагах болсон байна. 2014 онд Үндэсний хэмжээнд явуулсан судалгаагаар иргэдийн 70 хувь хэвлэл мэдээллийн хэрэгсэлд эргэлздэг, итгэдэггүй гэсэн дүгнэлт гарсан нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн дотоод хяналтын механизмыг бий болгох гол хөшүүрэг болж өгчээ. Тус зөвлөл байгуулагдсанаас хойших 2 жилийн хугацаанд 59 хэвлэл мэдээллийн байгууллагад хамаарах гомдлыг иргэдээс хүлээн авч хэлэлцэн, мэргэжлийн дүгнэлт гарган шийдвэрлэжээ. Хэвлэл мэдээлэл, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүд ёс зүйн зарчмаа зөрчиж таны эрхэнд халдсан гэж үзвэл Хэвлэл Мэдээллийн Зөвлөлд тухайн хэвлэл мэдээллийн байгууллагын нэр дээр гомдол гаргах эрх нээлттэй бөгөөд тухайн нийтлэл, нэвтрүүлэг нь цацагдсанаас хойш гурван сарын дотор гомдлоо гаргах ёстой байдаг аж. Харин сэтгүүлчдийн мэдлэг боловсрол, биеэ авч яваа байдал, арилжааны нэвтрүүлэг, зар сурталчилгаа, хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа болон бусад ерөнхий агуулгатай гомдлыг хүлээн авдаггүй байна.