“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт боллоо - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт боллоо

Хүний эрхийн Үндэсний Комисс, Нээлттэй нийгэм форум ТББ-тай хамтран зохион байгуулдаг "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалт 2017 оны 2 дугаар сарын 16-ны өдөр боллоо. Уулзалтын зочноор Эмнести интернэшнл ТББ оролцож, "Улаанбаатар хотын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн орон байраар хангагдах эрх” сэдвээр хийсэн судалгааныхаа дүн мэдээллийг танилцууллаа. Уулзалтад Хүний эрхийн Үндэсний Комиссын ажилтнууд, Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү болон иргэний нийгмийн байгууллагууд, хэвлэл мэдээллийн байгууллагуудын төлөөлөл 37 хүн оролцлоо. Эмнести интернэшнл ТББ нь гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн зохистой орон байраар хангагдах эрхийн хүрээнд 2015 оны 9 дүгээр сараас 2016 оны 8 дугаар сарын хооронд судалгааг хийсэн бөгөөд судалгаагаар дараах зөрчлүүд түгээмэл байгаа нь тогтоогджээ. Үүнд: 1. Гэр хорооллын дахин төлөвлөлтөд хамрагдсан байршилд олон жил амьдарсан боловч өөрийнхөө амьдарч буй газраа албан ёсоор эзэмшиж, өмчилж аваагүй иргэдийг дахин төлөвлөлтийн асуудлаарх зөвлөлдөх үйл ажиллагаанд огт оролцуулахгүй орхих; 2. Албадан нүүлгэх болон орон гэргүй болох эрсдэлээс хамгаалах арга хэмжээ учир дутагдалтай; 3. Газраа чөлөөлж өгсөн иргэдэд олгох нөхөн төлбөрийг бүрэн шийдвэрлээгүйн улмаас иргэд өндөр үнээр орон сууц түрээслэх, ах дүү хамаатан садныдаа түр хоргодох, зарим иргэд орон гэргүй болсон; 4. Засгийн газрын агентлагууд, нийслэлийн харьяа байгууллагууд болон дахин төлөлтийн ажлыг гүйцэтгэж буй компаниуд иргэдэд дутуу дулимаг мэдээлэл өгч байгаагаас үүдэн дахин төлөвлөлтөд хамрагдсан иргэдийн эрх зөрчигдөх, зөрчигдсөн эрхээ шаардах боломж хязгаарлагдмал болсон; 5. Дахин төлөвлөлттэй холбоотой эрх зүйн баримт бичгүүдэд ойр ойрхон өөрчлөлт орж буйгаас үүдэн газраа чөлөөлсөн иргэдийн зохистой орон байраар хангагдах эрх зөрчигдөх эрсдэл үүсээд байгаа нь тогтоогджээ.   Тухайлбал гэр хорооллын дахин төлөвлөлт төсөл хэрэгжиж буй СБД-ийн 10 дугаар хорооны 3 дугаар байрны иргэд дүн өвлийн хүйтэнд ус, дулаанаа таслуулж хохирсон байна. Уг асуудлаар Эмнести интернэшнл байгууллага "Төр үүргээ мэд-биелүүл” арга хэмжээг авч хэрэгжүүлсний дүнд 3 дугаар байранд амьдарч байсан 10 өрхийг түр орон сууцаар хангуулах ажлыг гүйцэтгэсэн талаараа танилцууллаа. Цаашид гэр хорооллыг дахин төлөвлөх үйл ажиллагааг явуулахдаа иргэдийн зохистой орон байраар хангагдах эрхийг хамгаалсан эрх зүйн зохицуулалтыг хийж өгөх, хохирч үлдсэн иргэдийг зөрчигдсөн эрхийг сэргээх асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлагатай байгааг танилцууллаа. Нийслэлийн Засаг даргын Дэд бүтэц, гэр хорооллын хөгжлийн асуудал хариуцсан орлогч П.Баярхүү гэр хорооллын дахин төлөвлөлт төслийг Нийслэлээс хэрэгжүүлэхдээ барилгын компаниудын санхүү, эдийн засгийн нөөц бололцоо, улс оронд нүүрлэж буй эдийн засгийн хямрал, нийслэлийн төсөв санхүүгийн боломж зэрэг асуудлуудыг бодолцохгүйгээр олон төслийг зэрэг эхлүүлсэн. Үүнээс үүдэн цөөнгүй иргэд хохирч, барилгын компаниуд санхүүгийн хүндрэлд ороод байгаа. Нийслэлийн төсвийн хөрөнгөөр ахмадад түрээслэхээр бариулсан орон сууцнууддаа дахин төлөвлөлтийн улмаас орон гэргүй болж хохирсон иргэдийг оруулах зэргээр асуудлуудыг түр намжаах ажлуудыг хийж байгаа ч хангалтгүй байна. Гэр хорооллын дахин төлөвлөлтийн ажлыг амжилттай хэрэгжүүлж дуусгахын тулд иргэд болон компаниуд аль болох хурдан зөвшилцөх шаардлагатай байгаа. Хотын захиргаа иргэдийн эрхийг хамгаалах, асуудлыг зөвшилцөлд хүргэхээр ажиллаж байгаа гэв. "Хүний эрхийн тухай ярилцъя” өглөөний уулзалтын үеэр гэр хорооллын дахин төлөвлөлттэй холбоотой үүсэж буй хүний эрхийн зөрчлүүдийг арилгах, цаашид эрх зүйн орчныг сайжруулах чиглэлээр ямар ажлуудыг нэн тэргүүнд хийх шаардлагатай байгаа талаарх саналаа НЗД-ын орлогч П.Баярхүүд уламжиллаа.