• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зургаар илэрхийлсэн нь

1945 онд Женевт хуралдсан НҮБ-ын Бага хурлаар Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл хэд хэдэн тодорхой салбарт ажлын хэсэг байгуулан ажиллах үүрэг өгсний нэг нь хүний эрхийн түгээмэл тунхаглалыг батлан гаргах явдал байсан. Эдийн засаг, Нийгмийн Зөвлөл 1946 оны анхдугаар хурлаараа НҮБ-ын Хүний эрхийн Комиссыг байгуулж Комиссын анх удаа Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын төслийг боловсруулсан. Энэ үүргээ Комисс нэг жилийн дотор гүйцэтгэсэн. Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал нь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассемблейн 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 217/А/III/ тогтоолоор Парист батлагдсан. Энэхүү тунхаглал нь туршлагаас үүдэж "Хүн бүхэнд төрөлх заяасан эрх бий" хэмээх санааг анх дэлхийн түвшинд гаргаж ирсэн билээ.

Хүний эрхийн Түгээмэл Тунхаглалын гол ач холбогдол нь хүний эрхийг олон улсын эрх зүйн түвшинд эмхтгэн найруулах гэсэн үнэлж баршгүй үүрэг юм. Хүний эрхийн түгээмэл тунхаглал нийт 30 зүйлээс бүрдэнэ. Тунхаглал нь хэдийгээр заавал биелүүлэгдэх шинжгүй, санал зөвлөмжийн шинжтэй ч хүний эрхийг хамгаалах механизмын үүсэл хөгжилд гол үүрэг гүйцэтгэж, хүний эрхийг хамгаалах тогтолцоо бүрэлдэх үндэс суурь болсон билээ.

Жил бүрийн 12 дугаар сарын 10-ны өдөр буюу Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг баталсан өдрөөр орон орны Хүний эрхийн байгууллагууд олон улсын хүний эрхийн өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан нэгдмэл уриан дор Хүний эрхийн олон улсын өдрийг тэмдэглэж, сурталчилгааны өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион явуулдаг билээ.

Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг заалт тус бүрээр зургаар илэрхийлснийг эндээс үзнэ үү.