• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн төлөө хамтдаа зүтгэсэн 15 жил

 Эрхэм хүндэт зочид оо,   ХЭҮК-т ажиллаж байсан, одоо ажиллаж буй дарга, гишүүд, ажилтнуудаа Эрхэм хүндэт хатагтай, ноёдоо Та бүхэндээ хүний эрхийн төлөө хамтдаа зүтгэсэн амжилт, дурсамж дүүрэн арван таван жилийн ойн баярын мэнд дэвшүүлж, сайн сайхныг хүсэн ерөөе. Эх орондоо хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, хөхиүлэн дэмжих их үйл хэргийн төлөө зүтгэж ирсэн үе үеийн дарга, гишүүд, ажилтнуудынхаа итгэл сэтгэл, хүчин чармайлтаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хараат бус, бие даасан үйл ажиллагаатай, Монгол Улсын төр, нийгмийн тогтолцоонд онцгой байр суурь эзэлсэн, иргэддээ хүлээн зөвшөөрөгдсөн, олон улсад нөлөө бүхий үндэсний байгууллага болж чадлаа. Бид Монгол Улсын төрийн бүх шатны байгууллага, хэвлэл мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага, түүнчлэн Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн дээд комиссарын газар, Хөгжлийн хөтөлбөр, Хүүхдийн сан, Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Олон улсын зохицуулах хороо, Ази Номхон далайн бүсийн орнуудын хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулган зэрэг олон улсын байгууллага, гадаад орнуудын засгийн газрын хөгжлийн агентлаг, дипломат төлөөлөгчдийн газрын дэмжлэг, туслалцаа, хамтын ажиллагааны үр дүнд сэтгэл хангалуун байгаагаа бахархан тэмдэглэж байна. Монгол Улсын Их Хурал 2000 оны 12 дугаар сарын 7-ны өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийг баталж, улмаарУИХ-ын 2001 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн I тооттогтоолоор Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, гишүүдийг томилсноор Монгол Улсын Үндсэн Хууль, олон улсын гэрээнд заасан хүний эрх, эрх чөлөөний тухай заалтын хэрэгжилтэд хяналт тавьж, хүний эрхийг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүрэгтэй Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан билээ. ХЭҮК шиг бага бүтэцтэй, санхүү төсвийн хувьд хязгаарлагдмал байгууллагын хувьд чамлахааргүй ололт амжилттай ажиллаж ирснээ, ажиллаж байгаагаа тоймлон хүргэе. Өнөөдөр Монгол Улсын ХЭҮК-т чадавхтай, мэргэшсэн, гар нийлсэн, хүний эрхийн өндөр мэдрэмжтэй баг хамт олон ажиллаж байгааг юуны өмнө нүүр бардам хэлмээр байна. Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний нөхцөл байдлыг харах толь бол Улсын Их Хуралд жил бүр өргөн барьдаг Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний илтгэл юм.Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2002 оноос эхлэн өөрийн болон төрийн, иргэний нийгмийн, судалгааны зэрэг байгууллагын хийсэн судалгаа, хяналт шалгалт, хянан шийдвэрлэсэн гомдлын байдалд үндэслэн Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар 14 илтгэл боловсруулж, УИХ-д өргөн барьсан байна. Эдгээр илтгэлүүдэд хүний эрх, эрх чөлөөний талаарх бүх асуудлыг хамруулсан төдийгүй зарим асуудлыг тухайн үеийн нөхцөл байдал, шаардлагыг харгалзан хэд хэдэн удаа тусгаж байв. Монгол Улсын хүний эрхийн сүүлийн арван таван жилийн төлөв байдлыг мэдэхийг хүсвэл эдгээр илтгэлийг уншихад бүрэн хангалттай гэж хэлмээр байна. Илтгэлийг "Төрийн мэдээлэл” сэтгүүлд болон монгол, англи хэлээр тусгай товхимол болгон хэвлүүлж, гадаад дотоодын байгууллага, иргэд олон нийтэд түгээхийн хамт иргэний нийгмийн байгууллагуудад уулзалт хийж танилцуулдаг ажлыг уламжлал болголоо. УИХ-д өргөн барьсан нийт 14 удаагийн илтгэлээс 1, 3, 4 дэх илтгэлийг огт хэлэлцээгүй, 5 дахь илтгэлийг УИХ-ын нэгдсэн чуулганы хуралдаанаар, бусдыг нь Хууль зүйн байнгын хороогоор гэхдээ 13, 14 дэх илтгэлийг нэгтгэн хэлэлцэж байжээ. Эдгээр 14 илтгэлд дурдсан хүний эрхийн тулгамдсан асуудлаар УИХ-аас шийдвэр гаргуулахаар нийт 278 санал, зөвлөмж хүргүүлж, зарим асуудлаар шийдвэр гаргуулжээ. Сүүлийн жилүүдэд Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хороогоор илтгэлийг хэлэлцэж, зайлшгүй шаардлагатай олон заалт бүхий тогтоол гаргадаг болсон нь сайн талтай боловч Засгийн газар, төрийн холбогдох бусад байгууллага огт хэрэгжүүлэхгүй байна. Монгол Улсын Их Хурал Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын илтгэлийг хэлэлцэхдээ онцгой анхаарч, хүний эрхийн нөхцөл байдлыг сайжруулах бодлого, эрх зүйн орчныг сайжруулах талаар эргэлт хийх цаг болсон гэж үзэж байна.. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс хүний эрхийн олон улсын гэрээг соёрхон батлах буюу түүнд нэгдэн орохыг дэмжихэд чиглэсэн олон чухал санал санаачлагыг гаргаж ирсний үр дүнд Монгол Улс хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой 40 орчим олон улсын гэрээнд нэгдэн орж, соёрхон баталсан байна. Энэ нь хүний эрхийн олон улсын эрх зүйн хэм хэмжээг Монгол Улсад даган мөрдөх Үндсэн хуульд тусгайлан заасан шинэ үндэслэл бөгөөд олон улсын хүний эрхийн хөгжилтэй хөл нийлүүлэн урагшлах нөхцөл бүрдүүлсэн бодлогын томоохон дэвшил юм. Харамсалтай нь төрийн байгууллага, ялангуяа 2008 онд Дээд шүүхээс Монгол Улсын олон улсын гэрээ болон олон улсын эрх зүйн нийтээр хүлээн зөвшөөрсөн хэм хэмжээ, зарчмыг шүүхийн практикт хэрэглэх тухай тогтоол баталсан ч хүний эрхийг хангах эрх зүйн гол баталгаа болсон шүүх өнөөг хүртэл тэр болгон нэг мөр хэрэглэхгүй байна. Улсын Их Хурлаар хэлэлцүүлэхээр өргөн мэдүүлсэн хуулийн заалт хүний эрхийн зарчимд хэрхэн нийцэж байгаа талаар Комиссоос санал авдаг болсоны дагуу "Хууль тогтоомж, бодлого шийдвэрийн төсөлд хүний эрхийн үүднээс дүн шинжилгээ хийх ажлын хэсэг” байгуулан, Улсын Их Хурлаар хэлэлцэх хууль, тогтоомжийн төслүүдтэй тухай бүр танилцан, 2013-2015 онд 58 хуулийн, түүнтэй уялдан гарах журмын төслүүдэд дүн шинжилгээ хийж, холбогдох саналыг хууль санаачлагчид хүргүүллээ. Хүний эрхийг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх талаар ХЭҮК-оос явуулдаг үйл ажиллагааны нэг үндсэн хэсэг нь иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдсөн талаарх гомдлыг хүлээн авч шийдвэрлэх ажиллагаа байдаг билээ. Гомдлыг цаасаар авдаг уламжлалт хэлбэрээс гадна иргэдэд нээлттэй, чирэгдэлгүй үйлчлэх зорилгоор www.mn-nhrc.org цахим хуудсаар, 7000-0222 дугаарын суурин утас, "Хүний эрх” ухаалаг гар утасны апликейшнаар дамжуулан, хүний эрх зөрчсөн гомдлыг цаг алдалгүй хүлээн авч байна. Иргэд, аж ахуйн нэгж байгууллагаас15 жилд 4378 гомдол хүлээн авч шийдвэрлэсэн ба жилд дунджаар 200 орчим гомдол хүлээн авч шийдвэрлэж байсан бол сүүлийн гурван жилд 645-710 болж даруй 3 дахин, хууль зүйн зөвлөлгөө, мэдээлэл авахаар хандсан иргэдийн тоо жилд дунджаар 200-400 орчим байснаа сүүлийн жилүүдэд жил тутам 1500 орчим болж өсчээ. Ийнхүү гомдол гаргасан, зөвлөгөө авсан хүний тоо эрс нэмэгдэж байгаа нь ард иргэдийн хүний эрхийн талаарх мэдлэг ойлголт нэмэгдсэн, манай Комиссын нэр хүнд өссөнийг харуулж байгаа юм.   Комисс эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн 25 иргэнийг төлөөлж шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс нийт 441,753,172 төгрөгийн гэм хорын хохирлыг хангаж шийдвэрлэсэн байна. Ийнхүү хилс хэргийн улмаас хүний нэр төр, сэтгэл санаа, эрүүл мэнд зэрэгт учирсан гэм хорын зэрэг асуудлаар шүүхэд хандаж эрхийг нь сэргээх практик тогтсоноор хүний эрхийг хамгаалахад нэгэн чухал дэвшил болсон билээ.   ХЭҮК, гишүүдийн бүрэн эрхэд хамаарах нэг гол асуудал бол хяналт шалгалт, мониторинг, судалгаа мөн. Хүний эрх, эрх чөлөөг зөрчиж байгаа талаарх гомдол, мэдээлэл болон тухайн үеийн нөхцөл байдал зэрэгт дүн шинжилгээ хийж, төлөвлөгөөт болон гэнэтийн хяналт шалгалт, мониторинг, судалгааг тодорхой субьектүүдийг хамруулан дангаар болон холбогдох төр, иргэний нийгмийн байгуулагатай хамтран хийдэг боллоо. ХЭҮК 15 жилийн хугацаанд 547 удаагийн хяналт шалгалт хийсэн ба хүний эрх, эрх чөлөөг сэргээж, зөрчлийг арилгуулахаар 200 шаардлага, хүний эрх, эрх чөлөөг зөрчиж болзошгүй тохиолдол шалтгаан, нөхцлийг арилгуулахаар өөрийн эрх хэмжээний хүрээнд 204 зөвлөмжийг холбогдох этгээдэд хүргүүлж, шаардлага зөвлөмжийн биелэлтийг хангуулж байна. Улаанбаатар хотод шилжин ирсэн бүртгэлгүй иргэдийн эрх, Хүн худалдаалах гэмт хэрэгтэй тэмцэх эрх зүйн зохицуулалт, Хүний эрхийн боловсрол, Хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүд, Уул уурхайн үйлдвэрлэлээс хүний эрхэд үзүүлж буй нөлөө, ЛГБТ болон ХДХВ/ДОХ-ын халдвартай хүмүүсийн эрх, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай Монгол Улсын хуулийн хэрэгжилт, Хүний эрхийг хамгаалагчдын эрх, Цаатан иргэд, үндэсний цөөнхий эрх, Цагдаагийн болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх албаны албан хаагчийн хөдөлмөрлөх эрх, Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх, Ахмад настны эрх зэрэг өргөн хүрээний сэдэв, агуулгыг хамарсан 56 судалгааны ажил хийж гүйцэтгэсэн байна. Хүний эрхийн тулгамдаж буй асуудлаар судалгаа хийхдээ хөндлөнгийн үнэлгээ, бодлогын дүн шинжилгээ, хяналт шалгалт зэргээр цогц байдлаар хэрэгжүүлж, эдгээрт Засгийн газрын агентлаг, албад, иргэний нийгмийн байгууллагууд, хараат бус судлаач, шинжээч зэрэг олон талт төлөөллийг оролцуулан зохион байгуулж, үр дүнг нь үндэслэн зохих санал, зөвлөмжүүд боловсруулан Хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын илтгэлд тусган ажилладаг билээ. Иргэд, олон нийтийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэхэд чиглэсэн үйл ажиллагаа чанарын шинэ шатанд гарлаа. Хүний эрхийн ном товхимол, эвхмэл хуудас хэвлүүлж түгээхийн зэрэгцээ телевиз, радиогийн цуврал нэвтрүүлэг, шторк, хүүхдэд зориулсан радио жүжиг, гар, фото зургийн уралдаан, мэтгэлцээн, олон нийтийн лекц, өглөөний уулзалт, хэлэлцүүлэг зэрэг олон талт үйл ажиллагааг зохион байгуулж, олон нийтийн мэдээллийн хэрэгслүүдийг ашиглан сурталчилгааны үйл ажиллагаа явуулж, "Хүний эрх” сэтгүүл гаргаж байна. Өдөр тутмын зарим сонинд "Хүний эрхийн булан” хөтөлж, долоо хоног бүр хүний эрхийн асуудлаар нийтлэл, ярилцлага, мэдээлэл бэлтгэн иргэдэд хүргэж байна. Энэ хугацаанд Хүний эрхийн олон улсын гэрээний хэрэгжилтийн талаарх Монгол Улсын ээлжит илтгэлүүд, НҮБ-ын холбогдох хороодоос Монгол Улсын Засгийн газарт өгсөн зөвлөмжүүдийн эмхэтгэл, Хүний эрхийн товч тайлбар, Хүний эрхийн олон улсын Билл зэрэг 197 төрлийн ном товхимол, гарын авлага хэвлэн гаргалаа. Комисс 2001 оноос хойш хэвлүүлсэн монгол, англи хэл дээрх бүх ном, товхимол, судалгааны тайлан, "Хүний эрх" эрдэм шинжилгээ, онол, практикийн сэтгүүл, "Хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын талаарх илтгэл"-үүдийг багтаасан "Хүний эрхийн цахим номын сан"-г 2015 оны 12 дугаар сарын 10-ны өдрөөс эхлэн ажиллуулж байна. ХЭҮК хараат бус, бие даасан үндэсний байгууллагын хувьд төрийн, иргэний нийгэм, хэвлэл мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллах талаар боломжийн туршлага хуримтлууллаа. Хуулиар олгосон бүрэн эрхийг хэрэгжүүлэхдээ бие биеийнхээ дотоод үйл ажиллагаанд хутгалдан орохгүй байх зарчмыг удирдлага болгон хуулийн дагуу хүний эрхийг хязгаарладаг эрх мэдэлтэй, хөндлөнгийн хяналтгүй тохиолдолд хүний эрхийн зөрчил гаргах эрсдэлтэй гэж үздэг төрийн тусгай чиг үүргийн байгууллагуудтай тухайлбал Улсын ерөнхий прокурорын газар, Цагдаагийн ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар, Авлигатай тэмцэх газар, Тагнуулын ерөнхий газар, Хил хамгаалах ерөнхий газар, Зэвсэгт хүчний жанжин штаб, Тахарын ерөнхий газартай Хамтран ажиллах санамж бичиг байгуулан, тус бичигт дурдсан асуудлаа амжилттай хэрэгжүүлж ирлээ. Үүний үр дүнд эрүүдэн шүүх аливаа хэлбэрийг гаргуулахгүй байх, дүрмийн бус харилцааг таслан зогсооход зохих ач холбогдлоо өгдөг гэж үзэж байна. ХЭҮК хүний эрхийн талаар үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудыг гол хамтрагчаа гэж тодорхойлон олон талт хамтын ажиллагаа явуулж байна. Гадаад улсын засгийн газар, хөгжлийн агентлаг, НҮБ-ын болон бусад олон улсын байгууллагын санхүүжилтээр судалгаа хийлгэх, хамтарсан хяналт шалгалт, мониторнг хийх, тэднээс төрийн байгууллага нийгэмд хандсан хүсэлт, шаардлагыг дэмжсэн ажиллагаа хийх, санамж бичиг байгуулах зэргээр ажиллаж, хагас, бүтэн жилээр уулзалт хийж харилцан мэдээлэл солилцдог боллоо. Мөн ХЭҮК-ын тухай хуульд заасанчлан, ХЭҮК-ын дэргэд Орон тооны бус зөвлөлийг 2002 оноос хүний эрхийн чиглэлээр ажилладаг төрийн бус байгууллагуудын төлөөлөлтэйгээр байгуулан ажиллуулж байна. Иргэд, олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, Комиссын үйл ажиллагааг иргэдэд ойртуулах, сурталчлах зорилгоор ХЭҮК нь олон нийтийн хэвлэл, мэдээллийн хэрэгслүүдтэй нягт хамтран ажиллаж байна. ХЭҮК нь 2013 оноос эхлэн сар тутам хэвлэлийн бага хурал зохион байгуулж, сар тутмын үйл ажиллагаагаа олон нийтэд мэдээлдэг болоод байна. Жил бүрийн Хүний эрхийн олон улсын өдрийг угтан хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр тодорхой сэдэвт ажлыг зохион байгуулах, сэтгүүлчдийн дунд уралдаан зарлах, чиглэсэн сургалт хийх зэргээр ажиллаж байгаа нь зохих үр ашгаа өгч байна. Комиссын дэргэд "Хүний эрхийн төлөө сэтгүүлчид” клубыг 2012 оноос байгуулан ажиллуулж эхэлсэн бөгөөд одоогоор нийт 18 сэтгүүлчид нэгдэн ажиллаж байна. Клуб нь хүний эрхийн мэргэшсэн сэтгүүлч бэлтгэх бодлого барьж ажилладаг бөгөөд сар тутам уулзалт зохион байгуулж, хүний эрхийн анхаарал татсан асуудлаар аян зохиож, нийтлэл, нэвтрүүлгийг олон нийтийн хүртээл болгодог юм. Төсөв санхүүгийн хүндрэлтэй явж ирсэн ч ХЭҮК-ыг зөвхөн нийслэл Улаанбаатартүйл ажиллагаа явуулдаг байгууллага болгохгүйн тулд орон нутагт хүрч ажиллах чиглэлийг барьж ирлээ. Үүний хамгийн гол хэлбэр бол "Хүний эрхийннээлттэй өдөр” бөгөөд өнөөдөр бүх аймагт нийт 80 удаа, нэг аймагт дунджаар 3-4 удаа явж ажиллажээ. Нээлттэй өдрөөр иргэдэд хууль зүйн зөвлөгөө өгөх, өргөдөл, гомдол хүлээн авах, иргэний нийгмийн байгууллагуудын төлөөлөл, иргэдтэй тус тус уулзалт хийх, аймгийн ИТХ, Засаг даргын гаргасан нийтээр дагаж мөрдөх шийдвэр, захирамж хүний эрхийн зарчимд нийцэж буй эсэхэд үнэлгээ хийх, зөвлөмж өгөх, эрүүлжүүлэх, баривчлах байр, цагдан хорих байр, хорих ангиуд, тусгай сургууль, хилийн цэргийн анги, застав, зэвсэгт хүчний анги, нэгтгэл, хүүхдийн, ахмадын асрамжийн төв зэрэг байгууллагуудад хяналт шалгалт хийх зэргээр цогц үйл ажиллагааг зохион байгуулж байна. ХЭҮК байгуулагдсан цагаасаа олон улсын болон бүс нутгийн хүний эрхийг хамгаалах тогтолцооны хүрээнд амжилттай хамтран ажиллаж байна. ХЭҮК байгуулагдсаныхаа дараа жил Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы 10 дахь гишүүнээр элсэн, бүс нутагтаа идэвхтэй үйл ажиллагаа явуулж эхэлсэн билээ. Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Олон улсын зохицуулах хорооноос дэлхийн улс орнуудын хүний эрхийн үндэсний байгууллагуудыг магадлан итгэмжилж, Парисын зарчимд нийцсэн эсэхийг үнэлж, "А”, "В”, "С” статус олгодог бөгөөд Монгол Улсын ХЭҮК 2003, 2008, 2014 онуудад нийт гурван удаа "А” статустай магадлан итгэмжлэгдсэн нь үнэхээр том амжилт юм. НҮБ-ын Хүний эрхийн дээд комиссар хатагтай Нави Пиллай бидэнтэй уулзахдаа "Монгол Улсын ХЭҮКнь байгуулагдсанаас эхлэн үргэлж "А”үнэлгээтэй ажиллаж буй нь хүний эрхийн үндэсний байгууллагуудын хувьд том амжилт” хэмээндүгнэж байсан билээ. Манай Комисс 2015 онд Олон улсын зохицуулах хорооны шийдвэр гаргах үндсэн бүтэц болох Товчооны гишүүнээр сонгогдон, мөн оны 8 дугаар сараас Ази Номхон Далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганыг даргалан ажиллаж байна. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг 2015 оны 8 дугаар сарын 28-ны өдөр Ази Номхон Далайн бүс нутгийн хүний эрхийн үндэсний байгууллагуудын Чуулганы хоёр жил тутмын бага хурлын үеэр болсон сонгуулиар Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах үндэсний байгууллагуудын Олон улсын зохицуулах хорооны Бизнес ба хүний эрхийн асуудлаарх Ажлын хэсгийн гишүүнээр сонгогдон, бүс нутгаа төлөөлөн олон улсын түвшинд үйл ажиллагаа явуулж байна. Мөн Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Комиссын Бодлого дүн шинжилгээ, хүний эрхийн боловсролын хэлтсийн дарга Г.Агар-Эрдэнэ нар Ази Номхон далайн бүс нутаг дахь Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх Элчин сайд хөтөлбөрт тус тус сонгогдож Монгол Улсад эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх төслийг амжилттай хэрэгжүүлж байна. Шинэ Зеланд, Бүгд найрамдах Солонгос Улс, Мьянмар Улсын хүний эрхийн үндэсний байгууллага, Данийн хүний эрхийн хүрээлэнтэй хүний эрхийн чиглэлээр санамж бичиг байгуулан, амжилттай хамтран ажиллаж байна. Мьянмар, Бүгд найрамдах Солонгос Улс, Тайваний Хүний эрхийн Үндэсний байгууллагын дарга, гишүүд, ажилтнуудын баг манай Комисст ирж, хүний эрхийн нээлттэй өдөр, сургалт зохион байгуулдаг, хорих байгууллагуудад хяналт шалгалт хийдэг, гомдол хүлээн авч шийдвэрлэдэг, зэрэг үйл ажиллагааны туршлага судлан танилцаж байлаа. Гадаад харилцаанд тулгуурлан Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулганы Х, ХХ дахь хуралдаан, "Монгол Улс дахь уул уурхайн бизнес ба хүний эрх” олон улсын бага хурал (2012), Азийн хүүхдийн эрхийн чуулга уулзалт зэрэг олон улсын хурал, зөвлөлгөөнүүдийг эх орондоо амжилттай зохион байгууллаа. Энэ бүгдээс дүгнэн үзэхэд олон улсын түвшинд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын нэр хүнд өсөж, үйл ажиллагааны цар хүрээ өргөжсөөр байгааг харуулж байна. Ийнхүү комиссын үйл ажиллагааны цар хүрээ, иргэдэд хүрч ажиллах боломж байнга өсөн нэмэгдэхэд хамтран ажиллагч байгууллагууд, иргэдийн үүрэг оролцоо хамгийн чухал түлхэц болж байдаг гэдгийг онцлон дурдахыг хүсэж байна. Ялангуяа НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр Монгол Улсад Хүний эрхийн Үндэсний Комисс байгуулагдсан цаг үеэс эхлэн Комиссын чадавхийг бэхжүүлэх 3-5 жилийн хугацаатай, үндэсний хэрэгжилттэй төслүүдийг санхүүжүүлж, техникийн дэмжлэг үзүүлсэн нь уг байгууллагын хөгжил, хүний нөөцийн чадавхи бэхжихэд үнэлж баршгүй дэмжлэг, хувь нэмэр болсон билээ. Хатагтай, ноёдоо! Хүний эрхийн асуудал ардчилсан нийгмийн гол шалгуур, үнэлэмж болсон өнөөгийн нөхцөлд та бидэнд шинээр хийх, боловсронгуй болгох, сайжруулах ажил маш их байна. НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөр, Ази Номхон далайн бүс нутгийн Хүний эрхийн үндэсний байгууллагуудын чуулган хамтран 2011 онд манай Комисст чадавхийн үнэлгээ хийж, байгууллагын чадавхийг нэмэгдүүлэхэд чиглэгдсэн олон төрлийн санал зөвлөмж өгсөний дээр, энэ хоёр газраас нилээд дэмжлэг туслалцаа үзүүлсэн юм. УИХ-аас 2011 оноос ХЭҮК-ын орон тоо, төсвийг нэмэгдүүлж, 2014 оны эхнээс аймаг бүрт Комиссын ахлах мэргэжилтэн ажиллуулах шийдвэр гаргасны үр дүнд Комиссын чадавх эрс нэмэгдсэн билээ. Харамсалтай нь өнгөрсөн оны хоёрдугаар хагасын болон 2016 оны төсвөөс мэдэгдэхүйц таналт хийснээс болж үр дүнтэй үйл ажиллагаа явуулах боломжгүй болоод байна. УИХ-аас энэ байдлыг харгалзан үзэж төсвийн тодотгол хийх замаар асуудлыг шийдвэрлэж өгнө гэдэгт итгэж байна. Хүний эрхийн талаар гарсан олон улсын баримт бичигт заасны дагуу хүний эрхийн үндэсний байгууллагад нэмэлт үүрэг ногдуулахдаа хүний нөөц, төсөв санхүүгийн асуудлыг хамтад нь шийдвэрлэж байх зарчимтай. Гэвч ХЭҮК-д хуулиар хэд хэдэн нэмэлт үүрэг хариуцуулсан боловч шаардагдах эх үүсвэрийг өнөөг хүртэл шийдвэрлээгүй байна. Төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтнуудыг хүний эрхийн мэдрэмжтэй, хүний төлөө гэсэн сэтгэлтэй болгох эрх зүйн болоод зохион байгуулалтын тусгайлсан үйл ажиллагааг төрийн бодлогоор хэрэгжүүлэх шаардлагатай байна. Комиссын 2015-2020 оны Стратеги төлөвлөгөөгөөнд тусгагдсан хүний эрхийг хамгаалагчдыг хамгаалах, чадваржуулах, иргэний нийгмийн байгууллагуудтай хамтран хүний эрхийн үнэлгээ, шинжилгээ, нөлөөллийн үйл ажиллагаа явуулах зайлшгүй хэрэгтэй байна. Эцэст нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүд, ажилтнууд бид хараат бус байр суурийг чанд баримталж, хүний эрхийн хэрэгжилтэд хяналт тавих, хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүргээ мэргэжлийн өндөр түвшинд явуулж, хуулиар хүлээсэн үүргээ хариуцлагатай, нэр төртэй биелүүлдэг мэргэшсэн хамт олон байхын төлөө зүтгэхээ дахин илэрхийлье. ХҮНИЙ ЭРХИЙН ТӨЛӨӨ ХАМТДАА ЗҮТГЭЕ. Ж.Бямбадорж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Хууль зүйн ухааны доктор, профессор, Монгол Улсын гавьяат хуульч