Хүний эрхийн чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн чиглэлээр хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс 2014 оны 11 дүгээр сарын 24-нд Зэвсэгт хүчний Жанжин штаб, Цагдаагийн Ерөнхий газар, Тахарын Ерөнхий газар, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газартай тус тус хамтран ажиллах Санамж бичиг байгууллаа.  Санамж бичигт ХЭҮК-ыг төлөөлж, ХЭҮК-ын дарга Ж.Бямбадорж, ЗХЖШ-ыг төлөөлж, Штабын дарга, дэслэгч генерал Ц.Бямбажав, ЦЕГ-ыг төлөөлж, тус газрын дарга, тэргүүн комиссар С.Баатаржав, ТЕГ-ыг төлөөлж, Тахарын ерөнхий газрын дарга, тэргүүн тахар Ц.Азбаяр, ШШГЕГ-ыг төлөөлж, тус газрын дарга, хурандаа С.Баяндалай нар тус тус гарын үсэг зурав.     ХЭҮК нь хамтын ажиллагааны хүрээнд Үндэсний хууль тогтоомж, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцоор баталгаажуулсан хүний эрхийг хангах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх, зөрчлийг арилгах, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх, эрх зүйн орчинг боловсронгуй болгох зорилгоор байгууллагуудтай Санамж бичиг байгуулан хамтран ажиллаж ирсэн туршлагатай. Энэ удаа шинэ тутам байгуулагдсан Тахарын ерөнхий газраас бусад байгууллагатай 5-6 жилийн өмнө Санамж бичиг байгуулан, хамтын ажиллагааг амжилттай хэрэгжүүлж ирснийг онцлон тэмдэглэж, цаашид үргэлжлүүлэн хамтарч ажиллах болсноороо онцлог юм. Энэ удаа ХЭҮК нь Зэвсэгт хүчний Жанжин штабтай цэргийн алба хаахтай холбогдсон харилцаанд оролцогчдын эрхийг хангах, хамгаалах, тэр дундаа хугацаат болон гэрээт цэргийн алба хаагчдыг дүрмийн бус харьцааны зөрчлөөс урьдчилан сэргийлэх, таслан зогсоох, цэргийн алба хаагчдын хүний эрх, хууль, эрх зүйн мэдлэг ойлголтыг дээшлүүлэх, байгууллага хоорондын хамтын ажиллагаа, иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэхийг зорьж ажиллах бол Шүүхийн Шийдвэр Гүйцэтгэх Ерөнхий Газартай шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын ажилтан, албан хаагчийг сургаж бэлтгэх, хүний эрхийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийг хүндэтгэн сахих, иргэний болон эрүүгийн хэргийн талаар гаргасан шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаанд хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэхэд хамтран ажиллана. Тахарын Ерөнхий Газартай байгуулах Санамж бичгийн хүрээнд Тахарын албаны ажилтан, албан хаагчдын хүний эрхийн мэдлэг боловсролыг дээшлүүлэх, хүний эрхийг хүндэтгэн сахих, гэрч, хохирогчийг хамгаалах, яллагдагч, ялтныг хуяглан хүргэх, хуяглан харгалзах, оргон зайлсан яллагдагч, ялтныг эрэн сурвалжлах ажиллагааг хэрэгжүүлэхдээ хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр хамтран ажиллах юм. Харин Цагдаагийн Ерөнхий Газартай хамтран ажиллах Санамж бичгийг цагдаагийн алба хаагчдын хуульд заасан эрхийг баталгаатай хангуулах, тэдэнд хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийг хүндэтгэх, сахин хамгаалах, мэдлэг, ойлголт хариуцлагыг сайжруулах, харилцан хамтран ажиллах зорилгоор үйлдэж байна. Санамж бичгийн хүрээнд хүний эрхийн бүсчилсэн сургалт, хяналт шалгалт, мониторинг судалгаа, сурталчилгааны ажлыг зохион байгуулахаар төлөвлөөд байна.