• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Ази Номхон Далайн Чуулганы 19 дэх удаагийн хуралд оролцлоо

Энэтхэг Улсын Дели хотноо 2014 оны 9 дүгээр сарын 3-5-ны өдрүүдэд зохиогдсон Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Ази Номхон Далайн Чуулганы 19 дэх удаагийн хуралд Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг, Ажлын албаны дарга А.Дашдэлэг нар оролцоод ирлээ. Энэ удаагийн арга хэмжээний үеэр Чуулганы Зөвлөлийн гишүүд Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын асуудлаарх Азийн ТББ-уудын Сүлжээтэй харилцан санал солилцон Ази Номхон Далайн Чуулганы жилийн ерөнхий уулзалт болон АНДЧ-ны 2015-2020 оны стратеги төлөвлөгөөг хэлэлцэв. Мөн тус чуулганы эмэгтэйчүүд, охидын хүний эрхийн асуудлаарх үйл ажиллагааны төлөвлөгөөний хүрээнд Энэтхэг, Иордан, Монгол улсын хүний эрхийн үндэсний байгууллагууд илтгэл тавьсан бөгөөд Монгол Улсын ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг охид, эмэгтэйчүүдийн эрхийг хангах, хамгаалах асуудлаар Монгол Улсын жишээнд тулгуурлан илтгэсэн юм. Дашрамд дурдахад, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын Ази Номхон Далайн Чуулганыг толгойлох болсон бөгөөд 2015 онд АНДЧ-ны 20 дахь удаагийн хурлыг Монгол Улсад зохион байгуулна.