Хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэлхийн холбооны хуралд оролцож байна - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэлхийн холбооны хуралд оролцож байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл нар 2019 оны 03 дугаар сарын 05-06-ны өдрүүдэд Швецарын Женев хотноо Хүний эрхийн үндэсний байгууллагуудын дэлхийн холбооны хуралд оролцож байна.

Дэлхийн улс орнуудын Хүний эрхийн үндэсний байгууллагууд 2012 онд 11 дэх хурлаараа жендэрийн тэгш байдалд хүргэх тогтвортой оролцоог бий болгох зорилго бүхий Амманы Тунхаглалыг баталсан байдаг. Уг тунхаглалаар Хүний эрхийн үндэсний байгууллага нь өөрийн мандат, чиг үүргийг хэрэгжүүлснээр эмэгтэйчүүдийн эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах, эмэгтэйчүүдийг эрх мэдэлжүүлэх буюу чадавхжуулах явдлыг дэмжихэд хувь нэмэр оруулж чадна гэсэн үндэслэлийг гаргажээ.

Тэгвэл энэ удаа Хүний эрхийн үндэсний байгууллагуудын Дэлхийн холбооны жилийн Мэдлэг солилцох уулзалтаар бүх бүс нутагт үйл ажиллагаа явуулж буй Хүний эрхийн үндэсний байгууллагууд өөрсдийн онцгой мандат, чиг үүргийг хэрэгжүүлэх замаар охид, эмэгтэйчүүдийн хүний эрхийн асуудлыг хэрхэн шийдвэрлэж, тэгш эрхийг хэрхэн хөхиүлэн дэмжиж байгааг үнэлж дүгнэх, туршлага солилцох, тулгамдаж буй сорилт бэрхшээлийг тодорхойлох юм.
Тус уулзалтын хоёр дахь сэдэв нь "Хүний эрхэд суурилсан, жендэрийн мэдрэмжтэй хэрэгжилтийг хангаж, Шилжилт Хөдөлгөөний Даян Дэлхийн Гэрээний мөрөөр арга хэмжээ авч, хянаж үзэх нь: Хүний эрхийн Үндэсний Байгууллагуудын үүрэг оролцоо" байх юм.