• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх үүрэг, хариуцлагаа тодорхойлж байна

Хүний эрхийг хөхиүлэн дэмжих, хамгаалах Үндэсний байгууллагуудын Олон Улсын Зохицуулах Хорооны 12 дугаар Олон Улсын Бага Хурал "Тогтвортой хөгжлийн зорилтууд: ХЭҮБ-уудын гүйцэтгэх үүрэг роль” сэдвээр 2015 оны 10-р сарын 8-9-ний өдрүүдэд Мексикийн Нэгдсэн Улсын Мерида хотноо хуралдаж байна. Дэлхийн 50 улсын Хүний эрхийн үндэсний байгууллагын төлөөлөл оролцож буй тус хурлаар тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд ХЭҮБ-уудын гүйцэтгэх чиг үүргийг авч хэлэлцэж байна. Тус хуралд Монгол Улсыг төлөөлж Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, референт Ө.Ундрах нар оролцож байна. Хурлыг нээж Мексик Улсын ХЭҮК-ын дарга Луйз Рауль Гонзалез-Перез, ОУЗХ-ны дарга бөгөөд Өмнөд Африк Улсын ХЭҮК-ын дарга Лоуренс Мушвана, НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөрийн Мексик дэх Суурин төлөөлөгч, хатагтай Марсиа де Кастро, Мексик Улсын ГХЯ-ны Олон талт харилцаа болон хүний эрхийн асуудал эрхэлсэн дэд сайд, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Мигель Руйз Кабанас Изкердо, Дотоод хэргийн яамны Хүний эрхийн асуудал эрхэлсэн дэд сайд нар, Юкатан Мужийн амбан захирагч үг хэлсэн бол НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар, доктор Зайд Раад Аль Хуссейн, НҮБ-ын Хүний эрхийн Зөвлөлийн дарга, Онц бөгөөд бүрэн эрхт Элчин сайд, ноён Йоким Хуркер нар видео мэндчилгээ илгээж, хурлын үйл ажиллагаанд амжилт хүссэн юм. Энэ удаагийн хурлаар "Тогтвортой хөгжлийн зорилтууд: ерөнхий дүр зургийг тодорхойлох нь”, "Хэрэгжилт: гол тоглогчдыг тодорхойлж, олох нь”, "Хэрэгжүүлэх арга хэрэгсэл, ХЭҮБ-уудын үүрэг роль”, "Мянганы хөгжлийн зорилтууд болон бусад чиглэлд гарсан сайн туршлагыг авч үзэх нь”, "Тогтвортой хөгжлийн зорилтууд, Үл ялгаварлан гадуурхах, эмзэг бүлгүүд” сэдвээр салбар хуралдаануудыг зохион байгуулж, Хүний эрхийн Үндэсний Байгууллагууд Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд гүйцэтгэх чиг үүргийг хэлэлцэн Тунхаглал, Зөвлөмжийг боловсруулах юм.