• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөл Цаазаар авах ялын эсрэг дэлхийн 6 дугаар чуулганд оролцож байна

Норвегийн вант улсын Осло хотод 2016 оны 6 дугаар сарын 21-ний өдөр Цаазаар авах ялын эсрэг дэлхийн 6 дугаар чуулган нээлтээ хийлээ. Франц улсад төвтэй олон улсын байгууллага болох ECPMХолбооноос цаазаар авах ялыг халсан, хориг тавьсан, халахыг эсэргүүцдэг зэрэг улс орнуудын төр засаг, иргэний нийгэм, хуульч, хүний эрхийн идэвхтэн, судлаач, бүхий л олон талт төлөөллийг оролцуулан гурван жил тутам зохион байгуулдаг энэхүү олон улсын их хуралд Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж тэргүүтэй төлөөлөгчид оролцож байна. Энэ удаагийн хурлыг Франц, Австралийн Холбооны Улс, Норвегийн вант улс албан ёсоор хамтран зохион байгуулж байгаа бөгөөд янз бүрийн улс орны гуч гаруй сайд, 300 гаруй дипломатч, мөн яамдын төрийн нарийн бичгийн дарга нар оролцож байна. Эхний өдрийн буюу албан ёсны нээлтийн арга хэмжээнд НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссар Зайд Раад Аль Хуссейн биечлэн оролцож үг хэлсэн бол Ромын Папын дүрст мэндчилгээг мөн оролцогчдод хүргэв. Хоёр дахь өдрийн буюу анхны нэгдсэн хуралдаанд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын төлөөлөгчдийн албан ёсоор хүргүүлснээр Монгол Улсын Ерөнхийлөгчийн дүрст илгээлтийг нийт оролцогчдод хүргэлээ. Уг илгээлтэд дурдсан Монгол Улс цаазаар авах ялыг үндэсний хууль тогтоомжоороо халж, албан ёсоор хуульчилсан мэдээг уламжилсан Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн илгээлтийг Их хурлын оролцогчид талархан хүлээн авлаа. Хуралд Ази Номхон Далайн хүний эрхийн үндэсний байгууллагууд нэгэн санаатай оролцож НҮБ-ын Ерөнхий Ассамблейн цаазаар авах ялыг түдгэлзүүлэх талаарх тогтоолтой холбогдуулан нэгдсэн байр сууриа гаргаж, хурлын үр дүнгийн баримт бичигт тусгах юм.