• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн Үндэсний Комиссын 2019 оны үйл ажиллагааны тойм

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссыг үйл ажиллагааг тооны хэлээр тоймлон танилцуулж байна. Бид 2019 онд нийт 622 иргэний гомдлыг хүлээн авч шийдвэрлэлээ. Манайд хандсан иргэдийн 200 гаруй нь ХЭҮК-ын орон нутаг дахь ажилтнуудад хандаж гомдол, мэдээллээ ирүүлсэн байна. ХЭҮК нь өнгөрсөн онд 1030 хүнд хууль зүйн зөвлөгөө өгч ажиллалаа. Тэдний 104 нь утсаар зөвлөгөө авсан бол 677 нь биечлэн ирж уулзаж, зөвлөгөө авчээ. Хууль зүйн зөвлөгөө өгөх утас: 70 000 222 тогтмол ажиллаж байна.

Тайлант хугацаанд 266 хяналт шалгалтыг явуулж, холбогдох албан тушаалтанд Шаардлага, Зөвлөмжийг тухай бүрт хүргүүлж, зөрчлийг арилгуулахад хяналт тавьж ажиллалаа.

Манай хүний эрхийн сургалтад 21986 хүн хамрагдаж, цахим номын сангаар 800 гаруй хүн үйлчлүүлж, "Хүний эрхийн тухай ярилцъя" өглөөний 10 уулзалтад давхардсан тоогоор 400-гаад хүн оролцож, мэдээлэл солилцжээ. Мөн хүний эрхийн лекц арга хэмжээг 6 удаа зохион байгуулж, нэр хүнд бүхийн 6 экспертийг зочноор урьж оролцууллаа. Хууль, тогтоомж, эрх зүйн актын төсөлд дүн шинжилгээ хийж, нийтдээ 58 төсөлд санал хүргүүлсэн байна.

Малчин эмэгтэйчүүдийн эрхийн хэрэгжилтийн судалгааг анх удаа хийж гүйцэтгэн судалгааны дүнд тулгуурлан зорилтот бүлэгт хандсан шийдвэрүүдийг гаргуулахаар санал хүргүүлж, цаашид төсөл хөтөлбөр хэрэгжүүлэн бодит үр дүнг эрэлхийлж ажиллаж байна. Түүнчлэн хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрхийн судалгааны дүнг үндэслэн "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл"-д асуудлыг хөндөж, УИХ-д санал хүргүүлснээр төвийн болон орон нутаг дахь амаржих газарт тусгай зориулалтын ор, хэрэгсэл олгуулах, эмч, эмнэлгийн ажилтны харилцаа хандлагыг өөрчлөх зэрэг тодорхой үр дүнд хүрч эхэлж байна.