• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхээр мэргэшсэн хуулийн профессоруудыг хүлээн авч уулзлаа

Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн Н.Ганбаяр Олон Улсын хуульчдын комиссын комиссар, Сөүлийн их сургуулийн профессор ноён Кионг Уан Ан, Санта Клара Их сургуулийн хуулийн профессор ноён Финен Хименез нарыг 2016 оны 10 дугаар сарын 11-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтын эхэнд Комиссын гишүүн Н.Ганбаяр Хүний эрхийн Үндэсний Комиссын үйл ажиллагаа, Комиссоос олон улсын болон бүс нутгийн хэмжээнд хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиглэлээр хийж буй ажлын талаар танилцууллаа. Ноён Кионг Уан Ан Монгол Улсад олон улсын эрх зүйн магистрийн хөтөлбөр хэрэгжүүлэхээр ирсэн тухайгаа уламжлаад Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал, тулгамддаг бэрхшээлүүдийн талаар харилцан ярилцаж, хамтарч ажиллах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ. Дашрамд дуулгахад ноён Кионг Уан Ан нь БНСУ-ын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргаар 2006-2009 онд ажиллаж байсан бөгөөд өнөөдөр Нээлттэй нийгэм форумын хурлын танхимд 15 цагаас "Хүний эрхийг хамгаалах асуудлаарх олон улсын чиг хандлага, Солонгос улсын жишээ" сэдвээр лекц унших юм.