• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрх-Усны эрх"

"Далай ээж олон улсын эко-соёлын аян-2019" арга хэмжээний хүрээнд 2019 оны 07 дугаар сарын 08-нд "Усны эрх-Хүний эрх: Хөвсгөл нуурын хамгаалал" эрдэм шинжилгээний хурлыг "Түгээмэл эрх-Хөгжил" ТББ, "Хөвсгөл Далайн эзэд" ТББ, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, "Дөрөв дэх өнцөг" ТББ, "Захиргааны шинэ санаачилга" ТББ хамтран зохион байгууллаа. Тус хурлаар "Усны эрх-Хүний эрх", "Австрали Улс дахь усны эрхийн асуудал", "Хөвсгөл нуурыг дэлхийн өвд бүртгүүлэх үндэслэл", "Сайн засаглал ба ёс зүйн хүрээнд талуудын оролцоог тодорхойлох нь", "Хөвсгөл нуурын байгаль орчны тулгамдсан асуудал", "Хөвсгөл нуурыг ЮНЕСКО-гийн дэлхийн өвд бүртгүүлж болох үндэслэл", "Хөвсгөл нуурыг олон улсын хамгаалалтад авахын ач холбогдол", "Хүний эрх ба усны эрхийн асуудлыг дэлхийн хөгжлийн зорилтын хүрээнд хэрхэн авч үзэх вэ?", "Усан замын тээвэр, хууль тогтоомж бодлого, хэрэгжилт" гэсэн 9 сэдвээр үндсэн илтгэлийг хүний эрхийн байгууллага, олон улсын болон төрийн бус байгууллагын төлөөлөл, эрдэмтэн судлаачид тавилаа. Илтгэгчид нэг зорилгод санаа нэгдэж, Монгол орны цэвэр усны нөөцийн 70 хувийг бүрдүүлдэг Хөвсгөл нуурыг Дэлхийн өвд бүртгүүлэхийг уриалж байсан явдал юм. Уншигч танаа уг хуралд Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга, Хууль зүйн ухааны доктор, профессор, Монгол Улсын Гавьяат хуульч Ж.Бямбадоржийн тавьсан "Хүний эрх-Усны эрх" сэдэвт илтгэлийг толилуулж байна.

"Хүний эрх-Усны эрх"

Эрхэм хүндэт зочид төлөөлөгчид өө,

Өнөөдөр бид хүн-байгалийн харилцааны шүтэлцээг илэрхийлэгч, нийгэм-эдийн засгийн үнэт бүтээгдэхүүн, стратегийн арга хэрэгсэл ус болон усны эрхийн асуудлаар тэр дундаа Монгол Улсын цэвэр усны нөөцийн эх үүсвэр болсон “Далай ээж” хэмээн нэрийдэж, хайрладаг Хөвсгөл нуурын цэвэр усны эко системийн хамгаалалт болон хүрээлэн буй орчин хүний эрх, тээвэр, орчны бохирдлоос урьдчилан сэргийлэх асуудлыг хэлэлцэхээр хуран цуглаад байна.

Үзэсгэлэнт байгаль, түүх, соёлын бахархал болсон Хөвсгөл нуурыг хамгаалах бодлогыг шинэ түвшинд гаргаж, байгалийн гайхамшигт, хосгүй үнэт өвийг НҮБ-ын Боловсрол, шинжлэх ухаан, соёлын байгууллага (ЮНЕСКО)-д бүртгүүлэн, хойч үедээ одоогийн байгаа унаган төрөхөөр нь өвлүүлэн үлдээхээр хүчин чармайлт гарган Эко-Соёлын аян арга хэмжээг зохион байгуулж байгаа нь цаг үеэ олсон чухал үйл явдал бөгөөд үүнийг санаачилан зохион байгуулан, дэмжин хамтран ажиллаж байгаа бүх талуудад талархал илэрхийлье.

Бидний өвөг дээдэс, эрдэмтэн мэргэд маань эрт дээр үеэс эхлэн усыг амьд байгалийг тэтгэгч рашаан, чандмань эрдэнэ хэмээн үзэж, түүнд хайр гамтай хандаж, хэмнэлттэй зарцуулж байхыг сургаж, үүнийгээ үеийн үедээ өвлүүлж ирсэн сайхан уламжлалтай билээ.

Монголын ардын үг, сургааль болон Чингис хааны зарлиг айлдвар, нүүдэлчдийн үзэл санаа, хэв ёс, зан заншлыг шингээсэн “Их засаг хууль”-д хүрээлэн буй орчиндоо ээлтэй амьдрахын ухааныг тусган мөрдөж, усаа хайрлан хамгаалж ирсэн түүхээс харж болно.

Монголчууд усыг чандмань эрдэнэ гэж үздэг хэмээн Их засаг, бусад хуульд дараах байдлаар зарлигдсан байна. Үүнд:

  • Голын усанд хувцсаа угаах, бохирдуулахыг чанд хоригло, усанд бие засвал цаазал,
  • Тогтмол усанд элдэв хир буртагтай зүйл угаах ахул шийтгэлтэй,
  • Булаг шандын эхийг үл хөнд, бохир буртаг үл оруул,
  • Гол ус, булаг шандад сүү цагаа хийх, цус оруулахыг цээрлэ, зөрчвөл боол болго,
  • Ус үерийн аюултай тэмцэн хүн олныг аварч яваад амь эрсэдсэн хүмүүсийн ар гэрт тусламж үзүүл,
  • Хүний эзэлсэн усыг булаалдаж, хэрэлдвээс нэгэн морь ав,
  • Хазаарт моринд усан үл өгвөл хонь ав,
  • Унасан морь эс биш хуурч усалбал хонь ав,
  • Сан бурантаглах ахул хоёр үхэр, үзсэн гэрч үхэр ав,
  • Бас хүний ухсан, зассан усыг булаалдаж, хэрэлдвээс нэг хязаалан морь ав,
  • Мал усалж дуусаж байж эс өгвөөс мөнхүү морь ав,
  • Хазаарт моринд ус эс өгвөөс шүдлэн хонь ав,
  • Мэдэж байж шоглож ус булингартуулах ахул шүдлэн морь, үхэр хоёр ав, үзсэн гэрчид үхрийг өг зэрэг болно.

Энэ нь Монголчуудын эх нутаг, газар шороо, уул ус, байгаль орчноо хайрлан хамгаалахыг чухалчлан үзэж байсны нэг тод илрэл юм. Ингээд илтгэлээрээ усаар хангагдах эрх, ус хамгааллын бодлого, өнөөгийн нөхцөл байдлын талаар олон улсын болон үндэсний түвшний хэрхэн авч, үзэж хэрэгжүүлж байгаа талаар танилцуулъя.

Олон улсын бодлого, чиг хандлага

Дэлхий дахинаа тулгарч буй уур амьсгалын өөрчлөлт, уул уурхай болон хүний хүчин зүйлс, зүй бус нөлөөллөөс үүдэлтэй байгаль орчин болон цэнгэг усны экосистемд учирч буй сөрөг үр дагавар ихэсч, улмаар усыг зүй бусаар хэт их ашиглан, бохирдуулж байгаагаас усны нөөцийн хомсдол бий болж байна. Үүний уршгаар зарим улс орнуудын хүн ам цэвэр усаар гачигдах, бохирдсон ус хэрэглэснээр элдэв халдварт өвчинд нэрвэгдэж, эрүүл мэндээр хохирох зэрэг хүний эрхийн зөрчил улам бүр нэмэгдэх болжээ.

НҮБ-аас дэлхийн хүн амын усны хэрэглээ өнгөрсөн зуунаас хоёр дахин нэмэгдэж, одоогийн тооцооллоор хүн төрөлхтний 40 гаруй хувь нь цэвэр усны хомсдолтой нөхцөлд аж төрж байгаа бөгөөд эл байдал хэвээр үргэлжилбэл 2025 он гэхэд 1.8 тэрбум хүн усны хомсдолд нэрвэгдэж, дэлхийн хүн амын 2/3 нь усны хэрэглээ, өсөлт, цаг уурын өөрчлөлтийн улмаас усны хомсдолтой нөхцөлд амьдарч болзошгүй байна. Ирээдүйд тулгарч болох энэхүү сорилтыг бид өөрт байгаа усны нөөцийг хэрхэн үр дүнтэй хадгалах, хамгаалах, захиран зарцуулахаас хамаарах болно гэжээ. Эл байдлаас үзэхэд усны хомсдол, бохирдол нь ус хамгааллын бодлого нь дан ганц нэг улсын асуудал биш нь дэлхий нийтийн тулгамдсан асуудал болсныг харуулж байна.

Байгалийн тэнцвэрт байдлын болон амьд байгалийн оршин байхын үндэс болсон усаар дэлхийн 70 хувь нь бүрхэгдсэн байдаг хэдий ч үүний зөвхөн 2.5 хувь нь цэнгэг ус юм. Гэтэл Хөвсгөл нуур нь Монгол Улсын цэнгэг усны нөөцийн 70 хувь, дэлхийн цэнгэг усны 0.4-1 хүртэл хувийг дангаараа агуулдаг гэсэн тооцоололтой байна. Монгол орон дэлхийн гол мөрний ус хагалбар шугам дээр оршдог хэдий ч гадаргын усны ихэнх хэсэг нь хөрш орнуудад цутгадаг байна.

Гэвч олон улсын бодлого, дэлхийн усны хомсдлын төлөв байдлын судалгаа, мэдээллээс үзэхэд Монголчууд бид усыг зохистой ашиглах, хамгаалах талаар үүрэг хариуцлагаа улам өндөрсгөн, стратегийн ач холбогдол бүхий үнэт баялаг болох Хөвсгөл нуурын цэвэр усны экосистемийн хамгаалалтад анхаарал хандуулах зүйн хэрэг юм.

Олон улсын хэмжээнд цэвэр ундны ус, ариун цэврийн байгууламжийн асуудлыг хүний эрхийн асуудал хэмээн хүлээн зөвшөөрч, дараах байдлаар баталгаажуулжээ.

Эдийн засаг, нийгэм, соёлын эрхийн хорооноос усаар хангагдах эрхийн талаарх 15 дугаар Ерөнхий тайлбарын 1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Хүнийг хүн хэвээр нь амьдралаа авч явахад зайлшгүй шаардлагатай эрх бол усаар хангагдах эрх юм. Энэ нь бусад хүний эрхийг хангахад урьтал тавих эрх мөн” гэжээ. Мөн НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас 2010 оны 7 дугаар сарын 28-ны өдрийн 64/292 тогтоолоор “Ундны ус ба ариун цэврийн байгууламжаар хангагдах эрхийг баталгаажуулж, цэвэр ундны ус болон ариун цэврийн байгууламжаар хангах нь бүх хүний эрхийг хэрэгжүүлэхэд зайлшгүй чухал гэдгийг хүлээн зөвшөөрсөн билээ. Уг тогтоолд хөгжиж буй орнуудын аюулгүй, цэвэр, хүртээмжтэй, боломжийн ундны ус, ариун цэврийн байгууламжаар хангахдаа санхүүгийн нөөц, хүний нөөцийн чадавхыг бэхжүүлж, байгаль орчинд ээлтэй технологийг нэвтрүүлэх асуудлыг харгалзан үзэхийг уриалсан байна.

Дэлгэрэнгүйг хавсралт файлаас уншина уу.

"Хүний эрх-Усны эрх"
Үзэх