• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хүний эрх, хөгжлийн уялдаа" сэдэвт хүний эрхийн лекцэд урьж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нээлттэй нийгэм форумтай хамтран зохион байгуулдаг хүний эрхийн олон нийтийн лекц 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдөр 15 цагт "Хүний эрх, хөгжлийн уялдаа" сэдвээр Засгийн газрын 11 дүгээр байрны хурлын танхимд болох тул Та бүхнийг урьж байна.

Энэ удаагийн илтгэгчээр Монгол Улс дахь Нэгдсэн Үндэстний Байгууллагын Суурин төлөөлөгч Тапан Мишра оролцоно. Илтгэлийн агуулга: Хөгжлийг хүний эрхтэй уялдуулан харах өнцөг, шаардлагыг хөндөж илтгэнэ. Мөн хүний эрхийг биелүүлснээр хөгжилд төдийгүй нийгмийн бусад чухаг асуудалд хэрхэн нөлөөлөх боломжтой, түүнд олон талын хувь нэмэр, оролцоог хөндөж ярилцана.

Товч танилцуулга: Ноён Тапан Мишра нь 2019 оны 9-р сарын 1-ний өдрөөс эхлэн Монгол Улс дахь НҮБ-ын Суурин зохицуулагч (НҮБ-ын СЗ)-аар ажиллаж байна. НҮБ-ын СЗ-ийн хувиар тэрээр Монгол Улс дахь НҮБ-ын хамгийн өндөр албан тушаалтан бөгөөд тухайн улсад хөгжлийн хөтөлбөр хэрэгжүүлж буй НҮБ-ын агентлагуудын үйл ажиллагааг удирдан, зохицуулах үүрэг хүлээсэн юм. н. Тапан Мишра нь 2015-2019 онуудад Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Улсад НҮБ-ын СЗ-аар ажиллаж байсан билээ.

н. Тапан Мишра нь НҮБ-ын Хөгжлийн Хөтөлбөр (НҮБХХ)-ийн Хүний нөөцийн албаны Сургалтын төвийн дэд захирал, зөвлөхөөр 2003 онд анх ажиллаж эхэлснээр НҮБ-д ажиллах гараагаа эхлүүлжээ. Түүнээс хойш НҮБХХ-ийн Аюулгүй байдлын алба болон улс орнууд дахь НҮБХХ-т ахлах зөвлөхөөр ажилласан. Мөн НҮБХХ-ийн Хүний хөгжлийн тайлангийн газар, Бизнесийн шийдлийн солилцооны төв, Бодлого төлөвлөлт, хөтөлбөрийг дэмжих товчоонд ахлах зөвлөхөөр тус тус ажилласан.

НҮБХХ-д ажиллаж эхлэхээс өмнө ноён Мишра Энэтхэгийн Гургаон дахь Grow Talent Консалтинг компанид дэд ерөнхийлөгч, Инфосис манлайллын институтэд багшаар ажиллаж байжээ. Ноён Мишра ажлын гараагаа 1984 онд Бхарат Петролеум Корпорацид (өмнө нь Бурма Шелл компани) хүний нөөцийн мэргэшсэн мэргэжилтэн буюу Энэтхэгийн хойд бүсийн аж үйлдвэрийн харилцааны газрын даргын албаар эхэлжээ. Дараа нь тэрээр бүх Энэтхэгийн сургалтын менежер, улмаар Байгууллагын сургалт, өөрчлөлтийн менежментийн дотоод дасгалжуулагчаар ажилласан.

Энэтхэгийн тэргүүлэх бизнесийн сургууль болох Жамшедпурын XLRI-ийн Менежментийн магистрантурыг төгссөн тэрээр академи, эрдэм шинжилгээний салбарт идэвхтэй ажиллаж байжээ. Мишра нь Энэтхэгийн Мумбай хот дахь NMIMS сургууль, АНУ-ын Колумбын их сургуулийн Олон улсын болон төрийн харилцааны сургууль (SIPA) зэрэг тэргүүлэх байгууллагуудад хүний нөөцийн менежментийн хичээл заадаг байжээ.