• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн талаарх гомдлыг 70 000 222 утсаар хүлээн авна

Хүний эрх, эрх чөлөөг дээдлэн сахих нь бүх нийтийн аюулгүй байдал, энх тайвны үндэс болохыг тунхаглаж, Нэгдсэн Үндэстний Байгууллагын Ерөнхий Ассамблейгаас Хүний Эрхийн Түгээмэл Тунхаглал хэмээх баримт бичгийг 1948 оны 12 дугаар сарын 10-ны өдөр батлан гаргасан билээ. Үүнээс хойш жил бүрийн эл өдрийг "Олон улсын хүний эрхийн өдөр” болгон дэлхий нийтээр тэмдэглэж, өдгөө 65 дахь жилтэйгээ золгож байна. Орон орны Хүний эрхийн байгууллагууд олон улсын хүний эрхийн өдрийг Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүний эрхийн Дээд комиссарын газраас гаргасан нэгдмэл уриан дор тэмдэглэж, сурталчилгааны өргөн хүрээтэй үйл ажиллагаа зохион явуулдаг билээ. Энэ жил "Хүний эрхийн төлөөх он жилүүд” уриан дор бөгөөд улс орон бүр хүний эрх, эрх чөлөөг хүндэтгэх, хамгаалах, хангах асуудлаар хүрсэн ололт, амжилтаа дүгнэн цаашид хийх ажлаа төлөвлөн өнгөрүүлэхийг НҮБ-ын Хүний эрхийн Дээд Комиссарын Газраас уриалжээ. Энэ өдрийн хүрээнд "Хүүхдүүд ээжтэйгээ” өдөрлөгийг ШШГЕГ-ын харъяа хорих 407 дугаар ангид зохион байгуулж, тус ангид ял эдэлж буй эхчүүдийг хүүхдүүдтэй нь уулзуулах үйл ажиллагаа, "Бидний хөгжих эрх” хүний эрхийн өдөрлөгийг Харааны бэрхшээлтэй хүүхдийн 116 дугаар дунд сургуулийн сурагчдын дунд зохион байгуулж, "Хүүхдийн эрх” хөгжлийн төвийг байгууллаа. Түүнчлэн хэвлэл мэдээллийн байгууллагуудын дунд "Хүний эрхийн боловсрол” сэдэвт шилдэг нийтлэл, нэвтрүүлгийн уралдаан зарлан, хүний эрхийн сэдэвт олон нийтийн лекц, сонины нийтлэлүүдийг эмхэтгэн DVD, ном болгон хэвлүүлэв. "Хүний эрхийн боловсролыг боловсролын тогтолцоонд” онол, практикийн хурал, "Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс ба Иргэний нийгмийн байгууллагуудын хамтын ажиллагаа" уулзалт зэрэг арга хэмжээг зохион явуулж байна. Мөн Монгол Улсад хүний эрхийн үндэсний байгууллага үүсч хөгжсөн, хүний эрх, эрх чөлөөг сахин хамгаалах, хөхиүлэн дэмжих, хүндэтгэх ажиллагааны түүхэн үйл явцыг харуулах зорилгоор "Хүний эрхийн төлөөх он жилүүд” гэрэл зургийн үзэсгэлэнг 2013 оны 12 дугаар сарын 10-наас Г. Занабазарын нэрэмжит дүрслэх урлагийн музейд нээлээ. Үзэсгэлэн 2 өдөр үргэлжилнэ. Дашрамд сонирхуулахад, ХЭҮК нь 2013 оны 12 дугаар сараас эхлэн хүний эрх, эрх чөлөө зөрчигдсөн талаарх гомдол, мэдээллийг хүлээн авах тусгай утас ажиллуулах болсон бөгөөд эрхэм уншигч Та бүхэн 70 000 222 дугаарын утсаар манай Гомдол, хяналт шалгалтын хэлтсийн ажилтнуудтай холбогдож хууль зүйн зөвлөгөө авах, өргөдөл гомдол гаргах үйлчилгээг авах боломжтой юм.