• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүний эрхийн зөрчил гаргасан байгууллагуудад ХЭҮК-ын гишүүний шаардлага, зөвлөмжийг хүргүүлнэ

Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2020 оны 9 дүгээр сарын 5-наас 20-ны өдрүүдэд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан аймагт ажиллаж хүний эрхийн хяналт, шалгалт, сургалтуудыг зохион байгуулж ажиллахаар төлөвлөсний дагуу Ховд аймагт 2020 оны 9 дүгээр сарын 7-ноос эхлэн тус аймагт нийт 21 байгууллагад хүний эрхийн шалгалтыг хийлээ. Хяналт шалгалтын хүрээнд Гэр бүлийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх, хохирогч хамгаалал, түр хамгаалах байр болон нэг цэгийн үйлчилгээний нөхцөл байдал, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт, химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалт, ашиглалтын нөхцөл байдал, эрүүдэн шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтийг шалгав. Тус аймагт шинээр баригдсан Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах түр байр нь зориулалтын бус барилгын зураг төслөөр баригдсан, хохирогчийн аюулгүй байдал, хамгаалалтын стандарт, хуулийн шаардлагад нийцээгүй нөхцөл байдалтай байгаа нь анхаарал татлаа. Уг барилгын тендерийг 2019 онд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас Улаанбаатар хотод зарлан шалгаруулж, шалгарсан компанид барилга барих эрхийг олгохдоо нийгмийн даатгалын газрын албан конторын зориулалтаар бус зураг төслөөр бариулснаас үүдэн Хохирогчийг түр хамгаалан байрлуулах, үйлчилгээнд тавих нийтлэг шаардлага MNS 6040:2019 стандартыг ноцтойгоор зөрчиж, хууль хэрэгжүүлэх боломжгүй болсон байна.

Ховд аймагт ажиллах үед илэрсэн хүний эрхийн зөрчлүүдийг арилгуулахаар ХЭҮК-ын гишүүний Шаардлага, зөвлөмжийг холбогдох байгууллага, албан тушаалтанд хүргүүлэхээр болсноо урьдчилсан дүнгийн хурлын үеэр нутгийн удирдлагуудад мэдэгдсэн юм. Эдгээрээс гадна ШШГЕГ-ын харьяа Цагдан хорих байр, Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах байрны үйл ажиллагаа, цагдаагийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрхийн нөхцөл байдалтай танилцлаа. Мөн Ажлын хэсэг Ховд аймагт ажиллахдаа ШШГЕГ-ын харьяа Хорих 457 дугаар нээлттэй, хаалттай ангид шалгалт явуулж, хаалттай ангийн стандарт шаардлагад нийцэх хорих ангийн байрыг яаралтай барих асуудлыг шийдвэрлүүлж, хууль хэрэгжүүлж ажиллахыг онцоллоо.

Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн ерөнхий газар, Улсын Ерөнхий Прокурорын газар хамтран хэрэгжүүлж буй “Хариуцлагатай алба хаагч” аяны хүрээнд хуулийн байгууллагууд алба хаагчдад эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилт, төрийн захиргааны байгууллагуудын удирдах албан тушаалтнуудад “Жендэр ба Хүний эрх” сэдэвт сургалтуудыг тус тус зохион байгууллаа.

Томилолтын хүрээнд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хэрэгжилтийг хангах хүрээнд химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалт, ашиглалтад хийх хяналт шалгалтыг хийж байна. Ажлын хэсгийн томилолт үргэлжилж байна.