• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хүүхдийн эрхийн зөрчлийг таслан зогсоох, урьдчилан сэргийлэхэд чиглэсэн хэрэгжилт хангалтгүй байна

Хүүхдийн Эрхийн тухай конвенц батлагдсаны 30 жилийн ойн хүрээнд 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр "Хүүхдийн эрх, хамгааллын эрх зүйн орчинг сайжруулах нь" хэлэлцүүлгийг зохион байгуулсан билээ. Энэхүү арга хэмжээ нь хүүхдийг хүчирхийллээс сэргийлэх, хамгаалах чиглэлээр дэлхийн улс орнуудын эрх зүйн зохицуулалт, туршлагын талаар санал солилцох, Монгол Улсын Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай болон Зөрчлийн тухай хууль, Эрүүгийн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахад чиглэсэн саналын төсөл боловсруулан холбогдох байгууллага, шийдвэр гаргагчдад өргөн барих зорилготой байсан юм.

"Хүүхдийн эрх, хамгаалал, эрх зүйн орчинг сайжруулах нь" хэлэлцүүлэгт Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын хэлсэн үг, уриалгыг уншигч танаа толилуулж байна.
...Та бүхэнд энэ өдрийн мэнд дэвшүүлье.
Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс нь Монгол Улсын Үндсэн хууль, олон улсын гэрээ, бусад хууль тогтоомжид заасан хүний эрх, эрх чөлөөний хэрэгжилтэд хяналт тавих, хүний эрхийг хамгаалах, хөхиүлэн дэмжих чиг үүргийнхээ хүрээнд хүүхдийн эрхийн асуудалд онцгой анхаарал хандуулж ажилладаг билээ.
ХЭҮК нь Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 13 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хууль тогтоомж, захиргааны шийдвэр хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэх талаар зөвлөмж, санал гаргах, Монгол Улсын Үндсэн хууль, хууль, хүний эрхийн олон улсын гэрээнд заасан хүүхдийн эрхийн хэрэгжилтийг судлах, нөхцөл байдлыг тодорхойлж, цаашид авах арга хэмжээний талаар санал, зөвлөмж боловсруулах, улмаар хүүхдийн эрхийн хэрэгжилтийн байдлын талаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар 12 удаагийн илтгэлд тусган Монгол Улсын Их Хурал, Хууль зүйн байнгын хорооноос хэд хэдэн тогтоолыг гаргуулж, түүнийхээ хэрэгжилтийг хангуулах чиглэлээр чамгүй ажиллаж ирсэн байна.

Хүний эрхийн тэр тусмаа хүүхдийн эрхийн асуудал бол зөвхөн “хүүхэд” гэдэг үгээр хаяглагдсан цөөн байгууллагын ажил биш, хүн бүрийн дор бүрнээ анхаарч, хэрэгжүүлэх ёстой тогтолцооны асуудал гэдгийг бид хаа хаанаа мэдэрч хүлээн зөвшөөрдөг болсон. Тиймээс ч Комиссоос 18 жилийн хугацаанд хүүхдийн эрх, хамгааллын чиглэлээр хийсэн бүх ажлууд төрийн болон төрийн бус байгууллага, олон улсын байгууллага, эрдэмтэн судлаачдын маань дэмжлэг, хамтын ажиллагааны үр дүнд бий болсон гэдгийг онцлон тэмдэглэх нь зүйтэй юм.

Өнөөдрийн “Хүүхдийн эрх, хамгаалал эрх зүйн зохицуулалтыг сайжруулах нь” сэдэвт хэлэлцүүлгийг хийх санаачлагыг Гүүд Нэйборс Монгол Төлөөлөгчийн Газар эхлүүлэн Хүний эрхийн Үндэсний Комисс, Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам ч дэмжигчээр ажиллах болсонд талархаж байна.

Гуравхан жилийн өмнө бид 20 гаруй жил хэрэгжсэн Хүүхдийн эрхийн тухай хуулиа шинэчлэн найруулж нийгмийн хэрэгцээ шаардлагад нийцүүлж хүүхдийн эрхийг бүрэн тодорхойлон, хүүхдийн эрх ашигт тулгамдсан асуудлыг оновчтой шийдвэрлэх, зохицуулах, хянах, эцэг эх, асран хамгаалагчаас эхлээд төрийн бүх шатны байгууллага албан тушаалтны үүрэг, хариуцлагыг нарийвчлан тодорхойлсон Хүүхдийн эрхийн тухай хуулийг, хүүхэд хамгааллын төрөл бүрийн үйлчилгээний тогтолцоог бий болгох, эрх зүйн зохицуулалтыг нь нарийвчлан тогтоосон Хүүхэд хамгаалын тухай хууль батлагдан хэрэгжиж эхэлсэн. Одоо л хүүхдүүд маань бүрэн хамгаалагдаж чадах боллоо гэсэн итгэл найдвараар хуулиа хэрэгжүүлэх гэж хаа хаанаа бүхий л хүчин чармайлт гарган ажиллаж байна. Гэсэн хэдий ч хүүхдийн эрхийн зөрчлийг нэг мөр арилгах, таслан зогсоох, түүнээс урьдчилан сэргийлэхэд чиглэсэн үйл ажиллагааны хэрэгжилт хангалтгүй байгаа нь нийгэмд гарч буй хүүхдийн эрхийн маш олон зөрчил, хүүхдийн эсрэг хүчирхийллийн гэмт хэргүүдээс харж байна.
Нэмж хэлэхэд, хүүхдийн эрхийн аливаа зөрчил, хүүхдийн эсрэг хүчирхийллийг бууруулахад хууль тогтоомж маш сайн байхаас гадна, түүнийг бодит амьдрал дээр зөв ойлгож, хэрэгжүүлэх асуудал маш чухал юм. Үүний тулд өнөөдөр практикт хуулийг гардан хэрэгжүүлж буй төрийн болон төрийн бус байгууллагын ажилтнууд та бүхэнтэйгээ илэн далангүй ярилцаж хүүхдийн эрхийг хамгаалах үйлсэд маань тулгарч буй асуудлаа тодорхойлж, улмаар эрх зүйн зохицуулалтын хувьд хэрхэн сайжруулах болох зөв гарц шийдлийг хайх хэлэлцүүлгээс үнэтэй санал, зөвлөмж гарна гэдэгт итгэлтэй байна.

Хүүхдийн төлөө зүрх сэтгэлээ зориулан ажиллаж байгаа та бүхэндээ амжилт хүсье.