• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах шаардлагатай байна

Хүний аливаа эрх нь хоорондоо харилцан хамааралтай тул бэлгийн болон нөхөн үржихүйн эрх нь бусад эрхтэй, ялангуяа нийгмийн амьдралд оролцох, хөдөлмөрлөх эрхтэй харилцан уялдаатай. Эдгээрийг олон улсын баримт бичигт баталгаажуулсан ч эрхээ эдлэх нөхцөл, баталгааг төр бүрдүүлэх ёстой юм.

Египетийн Кайр хотноо 1994 онд хуралдсан “Хүн ам ба хөгжлийн олон улсын бага хурал”-аас баталсан “Үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр” -т нөхөн үржихүйн эрхийг тодорхойлохдоо хосууд болон аливаа хувь хүн хүүхэдтэй болох эсэх, мөн хэзээ, хэдэн хүүхэд төрүүлэхээ чөлөөтэй бөгөөд хариуцлагатайгаар шийдэх; энэ шийдвэрээ гаргахад хэрэгтэй мэдээлэл авахаас гадна бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн дээд түвшинд эрүүл байх; аливаа хүн нөхөн үржихүйн эрүүл мэндийн хамгийн чанартай, стандартын тусламж, үйлчилгээ авах; ялгаварлан гадуурхалт, албадлага, хүчирхийллээс ангид байж, нөхөн үржихүйн асуудлаар өөрсдөө шийдвэр гаргах эрхтэй байна гэжээ.

Түүнчлэн Олон улсын гэр бүл төлөвлөлтийн холбооноос бэлгийн болон нөхөн үржихүйн эрхтэй салшгүй холбоотой хүний бусад эрхийг дараах байдлаар жагсаажээ. Үүнд: амьд явах; бэлгийн болон нөхөн үржихүйн амьдралаа өөрөө шийдэх; ялгаварлан гадуурхалтаас ангид байх; халдашгүй байх; үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх; мэдээллээр хангагдах; баталгаатай, хүртээмжтэйгээр бэлгийн боловсрол олж авах; гэр бүлээ төлөвлөх, гэрлэх эсэхээ өөрөө шийдэх; эрүүл мэндийн чанартай, хүртээмжтэй тусламж, үйлчилгээ авах; эрүүл мэндээ хамгаалуулах зэрэг олон эрхийг багтаажээ.

Эдгээр эрхийг Монгол Улсын нэгдэн орсон Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц , Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай , Гэр бүлийн тухай , Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай зэрэг хууль, Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлал-2030 , Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлого , Монгол Улсад хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөр , Эх, хүүхэд нөхөн үржихүйн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөр , Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрх, оролцоо, хөгжлийг дэмжих үндэсний хөтөлбөр , Жендэрийн эрх тэгш байдлыг хангах үндэсний хөтөлбөр -т тус тус баталгаажуулжээ. Ялангуяа хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгэм, эдийн засаг, улс төрийн хүрээний идэвхтэй оролцогч болохыг баталгаажуулсан Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай хуулийг Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцтой нийцүүлж 2016 онд баталсан нь Монгол Улсад эрх зүйн ээлтэй орчинг бүрдүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн болно.

Өнгөрсөн хугацаанд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийг нийгмийн харилцаанд бусад иргэдийн нэгэн адил оролцох эрхийг үл хүлээн зөвшөөрч, тэднийг гагцхүү “төрийн тусламж, дэмжлэг хүртэгч”, “эмнэлэг, нийгмийн халамжийн үйлчилгээний объект” мэтээр үзэх нийгмийн халамж, эрүүл мэндийн үйлчилгээний загвар үйлчилж байв. Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц батлагдсанаар хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх нийгмийн хандлагад шинэ эргэлт гарч “Хүн зөвхөн согог, гэмтлийнхээ улмаас хөгжлийн бэрхшээлтэй болдоггүй бөгөөд бие эрхтний согог, гэмтэл, нийгмийн орчны хязгаарлалттай нэгдэн нийлж хөгжлийн бэрхшээлийг үүсгэдэг” гэсэн ойлголтыг гаргаж иржээ. Тухайлбал, тэргэнцэртэй хүн ямар нэг ажил хөдөлмөр эрхлэх чадваргүйдээ биш, гагцхүү ажлын байр түүнд хүртээмжгүй учраас хөдөлмөр эрхэлж чадахгүй байна. Үүний нэгэн адил сонсголын бэрхшээлтэй хүүхдүүд ч бусад хүүхдийн адил суралцах оюуны чадавхгүйдээ биш, харин тэдэнд сургалтын орчин, гарын авлага, багш хангалтгүй, сургууль хүртээмжгүйгээс сургуульд бүрэн хамрагдаж, амжилттай суралцаж чадахгүй байна. Энэ хандлагыг хөгжлийн бэрхшээлийн нийгмийн загвар хэмээн тодорхойлж, нийгмийн орчин болон үйлчилгээг хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хүртээмжтэй болгоход анхаарах шаардлагатайг дээрх конвенцоор баталгаажуулжээ.

58606433_1694050640738872_4985430589306830848_n.jpg

58462737_1694050234072246_489486891465310208_n.jpg

59586266_1694050814072188_6552552357618515968_n.jpg

Ийнхүү олон улсын гэрээ, Монгол Улсын хууль тогтоомж, бодлогын баримт бичигт хөгжлийн бэрхшээлтэй хүний нийгмийн харилцаанд тэгш оролцох эрхийг хангах, хамгаалах талаар баримтлах зарчим, төрийн байгууллага, хуулийн этгээд, иргэний эрх, үүрэг, оролцоо тодорхой болж, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс боломждоо тулгуурлан хөдөлмөр эрхлэх, онцлог хэрэгцээндээ нийцсэн нийгмийн, эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд тэгш хамрагдах эрх зүйн орчин бүрдсэн байна.

Гэвч хэрэгжүүлэх механизм бүрэн ажиллахгүй, төрийн удирдах болон гүйцэтгэх шатны байгууллагуудын чиг үүрэг ерөнхий, зарим тохиолдолд тодорхойгүй, мөн хуулийг хэрэгжүүлж байгаа албан хаагчдын хандлага, мэдлэг хангалтгүй зэргээс шалтгаалан хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн амьдралын чанарт бодитой нөлөөлж чадахгүй байна. Цаашлаад эдгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэхэд эрэгтэй, эмэгтэй хүмүүсийн ялгаатай хэрэгцээ, нас зэргийг тооцдоггүйн улмаас хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн асуудал орхигдох, анхаарлын гадна үлдэх явдал түгээмэл байна.

Төрөөс хүн амын хөгжлийн талаар баримтлах бодлогод “хүн амын тогтвортой өсөлтийг хангах, иргэдийн урт удаан, эрүүл энх, бүтээлчээр амьдрах, хөгжих таатай орчныг бүрдүүлэх, хувь хүн болон гэр бүлийн амьдралын чанарыг дээшлүүлэх” зорилгыг Монгол Улсын тогтвортой хөгжлийн үзэл баримтлалтай нийцүүлэн тодорхойлсон ч хэрэгжүүлэхдээ хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн онцлог хэрэгцээнд нийцсэн нийгэм, эдийн засаг, хөгжлийн үйлчилгээг орхигдуулж байгаа нь хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрх зөрчигдөхөд хүргэж байна.

Тухайлбал, иргэд олноор үйлчлүүлдэг аймаг, дүүргийн нэгдсэн эмнэлгийн нөхөн үржихүйн кабинетад тулгуур эрхтний бэрхшээлтэй эмэгтэйчүүдэд тохирсон хүртээмжтэй үзлэгийн ор, харааны болон сонсголын бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн онцлогт тохирсон угтах үйлчилгээ, дохионы хэлмэрч, орчуулагч байдаггүй. Мөн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлдэг бүх шатны эрүүл мэндийн байгууллагын бүртгэл, мэдээлэлд хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдтэй холбоотой асуулт ордоггүй тул дээрх эмэгтэйчүүд ямар төрлийн үйлчилгээг илүү авдаг, жилд хэдэн эмэгтэй үйлчилгээнд хамрагдаж буй талаар тоон мэдээлэл улсын хэмжээнд гардаггүй байна. Энэ төрлийн судалгаа, тоо баримт байхгүй тул тухайн асуудлаар бодлого, төлөвлөлт хийдэггүй, улмаар тэдний онцлог хэрэгцээнд тохирсон үйлчилгээ үзүүлж чаддаггүй байна.

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс бусдын адил бие даан амьдарч, нийгмийн амьдралд оролцох хүсэлтэй байдаг ч сурах, хөдөлмөрлөх, нийгмийн үйл хэрэгт оролцох, гэр бүлтэй болох, эмнэлэг, сургууль, олон нийтийн байгууллагаас үйлчилгээ авах, тээврийн хэрэгслээр зорчих, хэрэгцээтэй мэдээллээр бүрэн хангагдах боломж, нөхцөл хязгаарлагдмал хэвээр байна. Энэ нь нийгмийн олон хүчин зүйлээс хамааралтай ч нийгэм дэх буруу хандлага ихээхэн нөлөөлдөг.

Тухайлбал, Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст халамжийн үйлчилгээг хүргэхдээ гэр бүлийнхэнд нь даатгах, тэднийг асран хамгаалагчид мөнгөн тэтгэмж олгох зэрэг хэлбэрээр хэрэгжүүлдэг учраас хөгжлийн бэрхшээлтэй иргэд өөрт хамаарах асуудлаар шийдвэр гаргах, бие даан амьдрах, гэр бүлтэй болох, бэлгийн хамтрагчтай байх, хүүхэд төрүүлэх, эцэг эх байх эрхээ эдлэхэд гэр бүлийн гишүүд хөндлөнгөөс нөлөөлж байна. Хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрхийг хангах нь төрийн үүрэг тул тулгамдаж буй асуудлыг тоо баримт, судалгааны үндэслэлтэйгээр баримтжуулж, бодлого тодорхойлогч, шийдвэр гаргагч, олон нийтийн анхааралд хүргэх шаардлагатай байна.

Комисс хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн хэрэгжилтийн байдлыг үнэлэх, нөхцөл байдлыг тодорхойлох зорилгоор Нэгдсэн Үндэстний Байгууллагын Хүн амын сангийн санал, дэмжлэгтэйгээр Орхон, Булган, Дорноговь аймгийн эрүүл мэндийн байгууллагуудад хяналт шалгалт, Монголын Тэргэнцэртэй Иргэдийн Үндэсний Холбоо төрийн бус байгууллагатай хамтран Архангай, Өвөрхангай, Хэнтий, Дархан-Уул, Баянхонгор, Сэлэнгэ аймаг болон Улаанбаатар хотод судалгаа хийв.

Судалгаанд хөгжлийн бэрхшээлтэй 300 эмэгтэй хамруулснаас 42 хувь нь тулгуур эрхтний, 31 хувь нь хараа, сонсголын бэрхшээлтэй, 17 хувь нь оюуны,10 хувь нь бусад хэлбэрийн бэрхшээлтэй байв. Судалгаанд оролцсон хоёр хүн тутмын нэг нь амьжиргааны баталгаажих доод түвшингээс доогуур орлоготой бөгөөд нийт оролцогчдын 90 хувийнх нь гэр бүлийн сарын орлого хэрэгцээнд хүрэлцдэггүй учир хөгжлийн бэрхшээлтэй эмэгтэйчүүд тэтгэвэр, тэтгэмжийнхээ 84.5 хувийг гэр бүлийн хэрэгцээнд зарцуулдаг байна.

Дээрх эмэгтэйчүүдийн 40.2 хувь нь гэрлэсэн, 24.7 хувь нь ганц бие, 8.1 хувь нь гэрлэлтээ цуцлуулсан, 5.5 хувь нь хамтран амьдрагчтай гэж хариулсан бол 88.6 хувь нь ам бүлийн тоо 1-2 гэжээ. Мөн нийт оролцогчдын 32.8 хувь нь боловсролын түвшин доогуур буюу уншиж, бичиж чаддаггүй бол ажил эрхлэлтийн түвшин дөнгөж 33 хувь байна. Тэдний боловсрол, хөдөлмөр эрхлэлтийн түвшин доогуур байгаа нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээ авахад сөргөөр нөлөөлж, эдийн засгийн, бие махбодын, сэтгэл санааны, бэлгийн хүчирхийлэлд өртөмтгий, бусдаас хэт хараат болгож байгааг судалгааны дүн харуулж байна.

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос 2019 онд УИХ-д өргөн барьсан "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэл"-д уг асуудлыг бүлэг болгон хөндөж, тодорхой шийдвэр гаргуулахаар санал хүргүүлээд байна. Хөгжлийн бэрхшээлтэй охид, эмэгтэйчүүдийн бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах, хүчирхийлэл, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр санал, зөвлөмжийг хэрэгжүүлэх, хамтын ажиллагааг бэхжүүлэх, нэгдмэл ойлголттой болох, шийдвэрлэх гарцыг тодорхойлох зорилгоор 2019 оны 04 дзгээр сарын 29-нд хамтын ажиллагааны уулзалтыг зохион байгууллаа.

58574581_1694050674072202_5019341933089128448_n.jpg

58781496_1694050604072209_5956463785160998912_n.jpg

58694127_1694051000738836_4373859209503047680_n.jpg

58812212_1694051260738810_6267650851704143872_n.jpg

59419424_1694050427405560_4219674960227991552_n.jpg

Уулзалтад Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж, Ажлын албаны дарга Ч.Алтангэрэл, НҮБ-ын Хүн амын сангийн тэргүүн хатагтай Каори Ишикава, НҮБ-ын ХАС-ын суурин төлөөлөгч А.Илиза, Монголын тэргэнцэртэй иргэдийн үндэсний холбоо ТББ-ын тэргүүн Б.Чулуундолгор, Жендэрийн үндэсний хорооны Ажлын албаны дарга Т.Энхбаяр, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Боловсрол, соёл, шинжлэх ухааны яам, Эрүүл мэндийн яамны төлөөлөл, Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын дэд дарга Д.Ганболд нарын 30 орчим хүн оролцлоо.

Гэрэл зургийг НҮБ-ын Хүний амын сангийн суурин төлөөлөгчийн газар