Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц

"Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” конвенцийг НҮБ-ын Ерөнхий Ассамблей 2006 оны 12 дугаар сар батласнаас хойш тус конвенцийг Монгол Улсын Их Хурлаар соёрхон батлуулах талаар Хүний эрхийн Үндэсний Комисс идэвхтэй үйл ажиллагаа явуулсан. Энэ чиглэлээр Комиссоос явуулсан ажлуудыг товчлон танилцуулбал:  Сургалт, сурталчилгааны өргөн хүрээтэй кампанит ажил зохион явуулав. Комисс "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” конвенцийн агуулга, ач холбогдлыг шийдвэр гаргагчид, олон нийт, хөгжлийн бэрхшээлтэй иргэд, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн асуудлаар үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагуудад танилцуулах зорилгоор "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх”, "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай НҮБ-ын конвенц”-шийдвэр гаргагчид зориулсан гарын авлага, "Зөв харилцааны цагаан толгой”, "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенц”- хялбаршуулсан хувилбарыг боловсруулж, олон нийтэд түгээсэн. Мөн хүний эрхийн талаарх гарын авлага, хууль зүйн мэдээллийг аудио болон брайль үсгээр хэвлүүлж хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн хүртээл болголоо. Хэвлэл, мэдээллийн байгууллагуудтай хамтран ажиллаж, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаар телевизийн нэвтрүүлгүүд, цуврал хичээл, телевизийн богино хэмжээний сурталчилгаа тогтмол цацуулж ирсэн. Конвенцийг соёрхон батлахыг уриалсан захидлыг Улсын Их Хурлыг гишүүдэд хүргүүлж, Конвенцийн талаарх цогц мэдээллээр хангасан нь ач холбогдолтой арга хэмжээ болсон юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх эрх зүйн орчныг боловсронгуй болгоход чиглэгдсэн үйл ажиллагаа явуулав. 2006 онд Ерөнхийлөгчийн тамгын газар, Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн байгууллагуудын үндэсний холбоотой хамтран Монгол Улсын Ерөнхийлөгчийн ивээл дор "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрх” үндэсний чуулганы зохион явууллаа. Үүний зэрэгцээ Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний төлөв байдлын 2007 оны илтгэлд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн асуудлыг цогцоор нь тусгаж, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, конвенцийг соёрхон батлах саналыг УИХ-д тавьсан. Илтгэлийн мөрөөр УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны тогтоол гарч, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн талаарх эрх зүйн орчинг боловсронгуй болгохыг дэмжсэн юм. Эдгээр ажлуудын үр дүнд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст хамааралтай 13 хуульд Улсын Их Хурал нэмэлт өөрчлөлт оруулсан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг соёрхон батлах тухай хуулийн төсөл, үзэл баримтлалыг Комисс Нийгмийн Хамгаалал, Хөдөлмөрийн Яамтай хамтран боловсруулсан нь конвенцид нэгдэж орох асуудлыг хурдавчлахад үр дүнгээ өгсөн юм. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай конвенцийг соёрхон батлуулах төрийн, төрийн бус байгууллагын санаачлагыг идэвхтэй дэмжиж, хамтран ажиллаж байлаа. Иргэний нийгмийн байгууллагуудын чадавхийг бэхжүүлэх сургалтыг үе шаттай зохион байгуулсан нь хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрхийн зүтгэлтнүүдийн хүний эрхийн мэдлэгийг нэмэгдүүлэхэд зохих хувь нэмэр оруулсан гэж бид дүгнэдэг.Эдгээр ажлуудын үр дүнд 2009 оны 5 сарын 13-нд Монгол Улс "Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийн тухай” конвенцид нэгдэн орсон болно. Конвенцийг соёрхон батлуулах, дэмжих чиглэлээр явуулсан бүх үйл ажиллагаанд Итали Улсын Засгийн газрын бус Раул Фалерогийн Анд Нөхдийн Холбоо /АЙФО/ байгууллага Комиссын чухал түнш байж, хамтран ажилласан. Хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн эрхийг дэмжих сургалт, сурталчилгаа, судалгаа, нөлөөллийн үйл ажиллагааг Комисс үргэлжүүлэн явуулсаар байна.