• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдал-Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчлэл-Зохистой хөдөлмөр” үндэсний чуулган эхэллээ

УИХ-ын энэ хаврын чуулганаар Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэхтэй холбогдуулан 2019 оны 04 дүгээр сарын 09-10-ны өдрүүдэд хөдөлмөрлөх эрхийн сэдэвт үндэсний чуулганыг хамтран зохион байгуулж байна.

ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс МҮЭ-ийн холбоо, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий газар хамтран “Хөдөлмөрлөх эрх” сэдэвт бүсчилсэн сургалтыг сүүлийн 5 жил тасралтгүй явуулж, бүх аймаг, нийслэлийн төлөөллийг хамруулан зохион байгуулсан байдаг. Уг сургалтын хэлэлцүүлгийн үр дүнд гарсан санал, дүгнэлтийг нэгтгэн өнөөдөр үндэсний чуулган зохион байгуулж байна. Нийгмийн түншлэгч талууд болон хүний эрхийн ажилтнууд, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар өнөөгийн төлөв байдалд дүн шинжилгээ хийж, тулгамдаж буй асуудлуудаа тодорхойлж удахгүй хэлэлцэх Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгад тусгуулахад чуулганы зорилго чиглэнэ.

Үндэсний чуулганд МҮЭХ, МАОЭНХ, ХНХЯ, УИХ-ын Нийгмийн бодлого боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороо, ХБНГУ-ын Фридрих Эбертийн сан, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний комисс болон Мэргэжлийн хяналтын ерөнхий газрын төв, орон нутаг дахь хүний эрхийн ажилтан, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагчид, хуульчид, өмгөөлөгчид зэрэг 140 гаруй хүн оролцож байна.

Хөдөлмөрийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн танилцуулга, талуудын байр суурь, Хүний эрх, хөдөлмөрлөх эрхийн өнөөгийн төлөв байдал, тулгамдсан асуудал, хөдөлмөрийн хяналтыг боловсронгуй болгох зэрэг асуудлаар үндсэн илтгэлүүдийг холбогдох яамд, байгууллагуудын удирдлагууд тавих ба “Нийгмийн түншлэл, хамтын гэрээ, хэлэлцээр, ҮЭ-ийн оролцоо”, “Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа, хөдөлмөрийн гэрээ”, “Цалин хөлс, ажил амралтын цаг, ХАБЭА-н асуудал”, “Хөдөлмөрийн удирдлага, зохион байгуулалт, хяналтын асуудал”, “Хөдөлмөрийн сахилга, эд хөрөнгийн хариуцлага, маргаан зохицуулалтын асуудал” зэрэг 5 сэдвээр салбар хуралдаан зохион байгуулна. Чуулган үргэлжилж байна.