• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Хөдөлмөрлөх эрх" сэдэвт бүсчилсэн сургалтыг зохион байгуулав

2018 оны 02 дугаар сарын 26-27-ны өдрүүдэд ХБНГУ-ын Фридрих Эбертийн сангийн дэмжлэгтэйгээр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Монголын Үйлдвэрчний Эвлэлийн холбоо, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран "Хөдөлмөрлөх эрх” сэдэвт бүсийн сургалтыг Баянхонгор аймагт зохион байгууллаа.  Сургалтад Архангай, Өвөрхангай, Төв, Баянхонгор аймгийн Үйлдвэрчний эвлэлийн болон хүний эрхийн байгууллагын ажилтнууд, хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч нар оролцож, хөдөлмөрлөх эрх, хөдөлмөрийн хяналтын чиглэлээр тулгамдаж буй асуудал, хэрэгжилтийн талаар харилцан мэдээлэл солилцов. Тус арга хэмжээнд Фридрих Эбертийн Сангийн суурин төлөөлөгч Нийлс Хегевиш "Даяаршлын улмаас Үйлдвэрчний эвлэлүүдэд тулгамдаж буй сорилтууд, Олон улсын Үйлдвэрчний Эвлэлийн туршлага”, Хүний эрхийн Үндэсний Комиссын референт Г.Ууганбаатар "Хүний эрхийн үндсэн ойлголт ба хүний эрхийн зөрчил”, МҮЭХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Адъяа "Хөдөлмөрлөх эрх ба цаг үеийн тулгамдсан асуудал” сэдвээр тус тус илтгэл тавьж, мэдээлэл хийсэн юм.
Энэхүү сургалт арга хэмжээ нь уламжлал болон зохиогдож ирсэн бөгөөд иргэдийн хөдөлмөрлөх эрхийн зөрчлийг арилгахад дээрх байгууллагууд хамтран ажиллах нь илүү дөхөм, дэвшилттэй байдаг тухай сургалтад оролцогчид онцолжээ. Түүнчлэн орон нутагт ҮЭ-ийн үйл ажиллагаанд хөндлөнгөөс оролцох, сонгуульт ажилтанд ажил олгогчдоос дарамт шахалт үзүүлэх, намын харъяаллаар ажлаас халах, эвлэлдэн нэгдэх эрхийг хааж боогдуулах зэрэг нийтлэг зөрчил байгааг энэ үеэр хөндсөн байна.