• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

"Цагаач ажилтнуудын эрхийг хамгаалах тухай олон улсын бага хурал"-д оролцож байна

"Одоогоор Өмнөд Азид цагаач ажилтнуудын асуудлаарх тусгайлсан бүсийн механизм байхгүй. Гэсэн хэдий ч олон улсын хүний эрхийн гэрээ, конвенцод аливаа хүний цагаачлалын статусаас үл хамааран хүн бүр хүний эрх, эрх чөлөөг эдлэнэ гэсэн зарчмыг баримталдаг. Харамсалтай нь олон цагаач ажилтны хувьд дээрх зарчим болон бодит байдал асар их ялгаатай байна.

Цагаач ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүдийн хүний эрхийг хамгаалахад бие даасан, хараат бус ХЭҮБ нь тухайн улсынхаа төрийн байгууллага, хууль сахиулах байгууллага, хувийн хэвшил, ажил олгогч зэрэг талуудын хүний эрхийн мэдлэг ойлголт, тэр дундаа цагаач ажилтнууд болон тэдний гэр бүлийн гишүүдийн хүний эрхийн талаарх мэдлэг мэдээллийг олгож, тэдгээрийн үйл ажиллагаанд хяналт тавих, олон нийтэд чиглэсэн хүний эрхийн боловсрол, сурталчилгааны үйл ажиллагаа зохион байгуулах, хүний эрхийн зөрчлийн асуудлаар гомдол хүлээн авч, шийдвэрлүүлэх, олон улсын болон бүсийн хүний эрхийн механизмын үйл ажиллагаанд оролцох замаар цагаач ажилтнуудын хүний эрхийг хамгаалахад чухал үүрэг гүйцэтгэж болно.

Мөн ажиллах хүч илгээдэг болон хүлээн авдаг улс орнууд дахь ХЭҮБ өөр хоорондоо энэ асуудлаар судалгаа хийх, харилцан мэдээлэл, туршлага солилцох замаар хамтарч ажиллаж болно. Жишээлбэл, Монгол Улсын ХЭҮК нь БНСУ-ын ХЭҮК-той өмнө нь санамж бичиг байгуулж, хамтарч ажиллаж байсан туршлагатай. Монголчуудын хувьд гадаад улс орнуудад ажиллах хүчээр очдог бөгөөд хамгийн их очдог улс орны тоонд БНСУ улс багтдаг. Иймд санамж бичгийн хүрээнд аль аль тал иргэдийнхээ асуудлаарх гомдлыг ХЭҮК-оор дамжуулж шийдвэрлүүлэхэд илүү үр дүнтэй байсныг дурдахад таатай байна. Мөн ХЭҮК нь ОХУ-ын Хүний эрхийн омбудсмантай 2018 оны сүүлээр санамж бичиг байгуулсан бөгөөд санамж бичгийн хүрээнд ОХУ-ын талтай холбогдож тэнд байгаа монгол иргэний асуудлаар холбогдон ажиллаж байна"...

Хүний эрхийн үндэсний байгууллагууд цагаач ажилчдын асуудлаар байр сууриа илэрхийлэх үед Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга Ж.Бямбадорж 2019 оны 11 дүгээр сарын 14-нд Непал улсын Катманду хотноо ийн мэдээллээ. Тэрбээр Непал Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос зохион байгуулж буй "Цагаач ажилтнуудын эрхийг хамгаалах тухай олон улсын бага хурал"-д оролцож байна. Тус хурлын 3 дахь өдөр Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын дарга ийнхүү өөрийн улсын нөхцөл байдлыг танилцуулав.

Тус хурлаар Ази Номхон Далайн бүс нутаг дахь цагаач ажилтнуудын эрхийг хамгаалахад тулгарах сорилт бэрхшээл болон боломж бололцоог үнэлэх, түншлэлийн хэлбэрээр Цагаачлалын Глобал Компактын өргөн хүрээний зорилтуудыг хэрэгжүүлэх арга замыг санал болгох, эрх, эрх чөлөөг хамгаалах асуудлаар олон талт байгууллагуудтай хамтрах замаар ХЭҮБ-ууд хоорондын хамтын ажиллагааг бэхжүүлэх, илүү үр дүнтэй бодлого болон арга зам ялангуяа шударга, хариуцлагатайгаар ажилд авах, шударга шүүхэд хандах боломж болон үр дүнтэй гомдлын механизмыг бий болгоход түншлэл, хамтын ажиллагааг сайжруулах зорилт дэвшүүлж байна.