Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт Шаардлага хүргүүллээ - Хүний Эрхийн Үндэсний комисс
  • "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Цагдаагийн ерөнхий газарт Шаардлага хүргүүллээ

  Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвд 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хяналт шалгалт хийсэн билээ. Шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу Цагдаагийн ерөнхий газарт 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдөр Шаардлага хүргүүллээ. Тус Шаардлагад: "ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ДАРГА, ЦАГДААГИЙН ХУРАНДАА С.БААТАРЖАВ ТАНАА  Комисс Нийслэлийн Цагдаагийн газрын харьяа Эрүүлжүүлэх, саатуулах төвд эрүүлжүүлэгдсэн болон саатуулагдсан этгээдийн Монгол Улсын Үндсэн хууль, хууль, олон улсын гэрээгээр баталгаажуулсан эрх, эрх чөлөөний хэрэгжилт хүний эрхийн үндсэн зарчимд нийцэж байгаа эсэхийг газар дээр нь шалгаж, илэрсэн зөрчлийг таслан зогсоох, зөрчлийг арилгуулах зорилгоор Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн18 дугаар зүйлийн 18.2 дахь хэсэгт заасныг үндэслэн 2018 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр хяналт шалгалт хийлээ. Тус хяналт шалгалтаар илэрсэн зөрчлийг арилгуулахаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.2 дахь хэсэгт заасан Комиссын гишүүний бүрэн эрхийн дагуу дараах шаардлагыг хүргүүлж байна. 1. Тус төв нь хотын төвөөс 3,5 км зайд байрладаг боловч төвийн шугамд холбогдоогүй, уурын зуухаар халаадаг боловч бүрэн халааж чаддаггүй, 200 метрийн зайтай гүний худагаас ус татаж хэрэглэдэг байх бөгөөд хяналт шалгалтын үед барилгын зүүн талын суурын хэсэгт суулт өгч ашиглах боломжгүй болсон байна. Мэргэжлийн хяналтын Улсын байцаагчийн 2012 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 07-11/136 дугаартай "Барилгын ашиглалтыг түр зогсоох” тухай акт, Мэргэжлийн хяналтын улсын ахлах байцаагчийн 2014 оны 03 дугаар сарын 12-ны өдрийн 02-07-81/41 дугаартай "Барилга ашиглалтыг зогсоох тухай” актаар тус тус чанарын шаардлага хангахгүй, ашиглалтын хугацаа дууссан тул барилгын ашиглалтыг зогсоох тухай шийдвэр гаргаж байжээ. Мөн дээрх актуудад "...Албадан саатуулах, баривчлах төвийн барилгын баруун хэсэгт даацын үндсэн хийц болох гадна дотор хананууд хагарч давхар дундын болон хучилтын хавтангууд доош сууж нурж унах аюултай болсон, "Барилгын баруун хэсгийн 1, 2 дугаар давхарт барилгын А тэнхлэгийн дагуу 8-10 тэнхлэгийн хооронд байрлах даацын болон хамар ханануудад үүссэн хагарлын болон хучилтын хавтангуудын суултын хэмжээ ихэссэн, гадна даацын хана хагарсан зарим хэсгээр гадагшаа хазайлтад орж нурах аюултай болсон, 2 дугаар давхрын модон шал доош суусан, хөдөлгөөнтэй болсон, зай завсар их хэмжээгээр гарсан, халаалтын хэвтээ босоо шугамуудыг хугацаанд нь их засвар хийгээгүй олон жил ашигласнаас элэгдэлд орж яндан хоолой зэвэрсэн, хаганд битүүрч огтлол нь нарийссан тул халаалтын систем байнга доголдол гардаг, гал тогооны өрөө, ариун цэврийн өрөөний тоноглолууд хуучирч муудсан...” нь тогтоогдсон байна. Тус барилгад үүссэн дээрх нөхцөл байдал нь Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургадугаар зүйлийн 2 дахь заалтад "Эрүүл аюулгүй орчинд амьдрах ...эрхтэй”, Барилгын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1.1 дэх хэсэгт "барилга нь хүн ажиллаж амьдрах таатай нөхцөлийг бүрдүүлсэн, түүний эрүүл мэндэд сөрөг нөлөөгүй, аюулгүй байдлыг хангасан байна” гэж заасныг тус тус зөрчиж байх тул дээрх дүгнэлтүүд болон Комиссоос удаа дараа хийсэн хяналт шалгалтын дагуу өгсөн шаардлага, зөвлөмжийн хүрээнд тодорхой ажил зохион байгуулж тус төвд ажиллаж буй цагдаагийн албан хаагч болон эрүүлжүүлэгдсэн, саатуулагдаж буй хүмүүсийн аюулгүй байдлыг хангаж, чанар, стандартын шаардлага хангасан байрыг шинээр барьж ашиглалтад оруулах, эсхүл өөр газарт түр хугацаагаар нүүлгэн байрлуулах асуудлыг нэн даруй шийдвэрлэх; 2. Нийслэлийн Цагдаагийн газраас тус төвд сар бүр 70.000 төгрөгийн эм, тарианы хангалт хийдэг бөгөөд эм, эмнэлгийн хэрэгсэл хадгалалтыг шалгахад хугацаа дууссан 5 төрлийн 98 ширхэг эм, тариа хэрэглэж байсан нь Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.2 дахь хэсэгт "Монгол Улсын эмийн бүртгэлд бүртгэгдээгүй, чанарын баталгаажуулалтгүй, хэрэглэх хүчинтэй хугацаа дууссан эм, эмнэлгийн хэрэгслээр үйлчлэхийг хориглоно” гэж заасныг зөрчиж байх тул хугацаа дууссан эм тариаг устгалд оруулж, акт үйлдэх, эм, эмийн бүтээгдэхүүний хангалтыг бодит нөхцөл байдалд үндэслэн шинэчлэн тогтоох; 3. Яаралтай тусламжийн эм тарианы хайрцаг болон яаралтай тусламжийн эм, эмнэлгийн хэрэгслийн бүрдэл дутуу, байвал зохих эмнэлгийн тоног төхөөрөмж байхгүй, эрүүлжүүлэгдэх, саатуулагдахаар ирсэн иргэдийг хүнд өвчтэй эсэхийг тодорхойлж, эмнэлгийн анхан шатны тусламж үзүүлэх боломжгүй нөхцөлд үйл ажиллагаа явуулж байгаа нь Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2017 оны А/185 дугаар тушаалаар баталсан Саатуулах байрны дэглэм, журмын 4.2-т "Саатуулагдсан хүнд эмнэлгийн яаралтай тусламж шаардлагатай бол саатуулах байранд хүлээж авахаас татгалзаж болно” гэж заасныг зөрчиж байх тул эмнэлгийн анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлэх стандартад нийцүүлж, шаардлагатай тоног төхөөрөмжөөр хангах ажлыг яаралтай эхлүүлэх; 4. Хоолны дээжийг авч шинжилгээнд явуулдаг эсэх нь тодорхойгүй, бүртгэл, тэмдэглэл байхгүй байх тул саатуулагдсан этгээдийн хоолноос өдөр бүр дээж авч тодорхой хугацаанд шинжилгээнд хамруулж холбогдох байгууллагын дүгнэлт гаргуулж хэвших; 5. Тус төв нь нийт 45 хүний орон тоотой ба үүнээс цагдаагийн албан хаагч 34, энгийн ажилтан 11 байна. Нэг ээлжийн жижүүрийн бүрэлдэхүүнд 3 албан хаагч ажиллаж байгаа нь ачаалал ихтэй үед алба хаагч хүрэлцдэггүй байх тул орон тоог нэмэгдүүлэхэд анхаарч бодит байдалтай танилцаж шийдвэр гаргах; 6. Саатуулагдсан этгээдэд өгч буй нөмрөг, хөнжил, гудас нь эрүүл ахуй, ариун цэврийн шаардлага хангахгүй бохир, цэвэрлэгээ муу, тоосжилт ихтэй газар хадгалдаг. Саатуулах өрөөнүүдэд 7 хоногт 1 удаа ариутгал хийж байгаа нь Хууль зүй, Дотоод хэргийн сайдын 2017 оны А/185 дугаар тушаалаар баталсан Саатуулах байрны дэглэм, журмын 2.9-д "Саатуулах байранд ариутгалын бодис бүхий чийгтэй цэвэрлэгээг өдөр бүр, их цэвэрлэгээг 7 хоногт нэгээс доошгүй удаа тогтмол хийж, саатуулагдсан хүн солигдох бүрт хэрэглэсэн хөнжил, гудас, цагаан хэрэглэл зэргийг цэвэрлэж ариутгал хийнэ” гэж заасны зөрчиж байх тул саатуулах өрөө болон хөнжил, гудас, цагаан хэрэглэлийг тогтмол ариутгаж цэвэрлэн эрүүл ахуйн шаардлагыг журмын дагуу хангаж ажиллах; Иймд дээрх шаардлагын мөрөөр авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, үр дүнгийн талаар Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.4 дэх хэсэгт заасны дагуу 7 хоногийн дотор бичгээрхариу ирүүлнэ үү. Хувийг Нийслэлийн Цагдаагийн газрын дарга, цагдаагийн хурандаа Д.Ядамдорж, Эрүүлжүүлэх, саатуулах төвийн дарга, цагдаагийн дэд хурандаа П.Энхбаяр нарт  МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИСЫН ГИШҮҮН П.ОЮУНЧИМЭГ" гэсэн байна.