• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Шалгалтын дүнг урьдчилсан байдлаар танилцууллаа

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх үйл ажиллагаа үндэсний болон орон нутгийн түвшинд 2017-2018 онуудад идэвхжиж, үндэсний хөтөлбөр, төлөвлөгөө, салбарын болон орон нутгийн хөтөлбөр, баримт бичгүүд батлагдаж, бодлогын түвшинд ахиц гарсан билээ. Гэвч улсын болон орон нутгийн төсөвт холбогдох санхүүжилтийг тусгасан нь төдийлэн хангалтгүй байна. Түүнчлэн хууль тогтоомж, бодлого, хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үүрэг хүлээсэн шийдвэр гаргагч, удирдах албан тушаалтнуудын жендэр, хүний эрхийн мэдлэг, ойлголтыг нэмэгдүүлэх ажлыг үе шаттайгаар зохион байгуулах нь шаардлагатайг Хүний эрхийн Үндэсний Комисс 2019 онд УИХ-д өргөн барьж хэлэлцүүлсэн 18 дахь илтгэлдээ тусгасан билээ. Хүний эрхийн Үндэсний Комиссоос жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийг хэрэгжүүлэх талаар төрийн холбогдох байгууллагын үйл ажиллагааны асуудлаар шийдвэр гаргуулахаар УИХ-д тодорхой саналыг хүргүүлсэн байдаг.

Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилтийг шалгах Ажлын хэсэг 2019 оны 05 дугаар сарын 22-29-нд Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон аймагт ажиллалаа. Шалгалтыг тусгай удирдамжийн дагуу явуулсан бөгөөд Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэгийн удирдлага дор гүйцэтгэж, аймаг, сумдын Засаг даргын Тамгын газар, Иргэдийн төлөөлөгчдийн хурал болон бусад холбогдох төрийн байгууллагуудад хяналт шалгалтыг хийлээ. Нутгийн захиргааны байгууллагууд жендэрийн бодлогын баримт бичгийг бодит үйл ажиллагаа болгон хэвшүүлэхэд анхаарах, Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас түүнд шаардагдах төсвийг баталж, хэрэгжилтэд нь тогтмол хяналт тавьж ажиллах, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.2.-т нутгийн захиргааны байгууллага нь тухайн орон нутгийн хэмжээнд хүйсээр ангилсан статистикийн мэдээллийг бүрдүүлэх, жендэрийн эрх тэгш байдлын төлөв байдал, бодлогын үр нөлөөг үнэлэх зэрэг хэвшүүлэх асуудал олон байгааг урьдчилсан дүнгийн хурлаар удирдлагуудад танилцууллаа.

Тухайлбал, Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.4.1-т “ажил олгогч нь хөдөлмөрийн дотоод журамд ажлын байранд бэлгийн дарамтаас урьдчилан сэргийлэх, гарсан гомдлыг барагдуулах хэм хэмжээг тусгах”, мөн шинэчлэн найруулсан Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1.4-т “албан тушаалын бүрэн эрхээ урвуулан ашиглах, бусдыг бэлгийн болон хувийн ашиг сонирхолдоо нийцүүлэн аливаа хэлбэрээр дарамтлах, хавчин гадуурхах, эрхшээлдээ байлгах”-ыг хориглоно гэж заасныг хэрэгжүүлэх, мөн нутгийн өөрөө удирдах байгууллагууд дээрх хуулийн 20 дугаар зүйлд заасан чиг үүргээ хэрэгжүүлэх шаардлагатай юм.

Хүний эрхийн Үндэсний Комиссын Ажлын хэсэг хяналт шалгалтаас гадна дээрх аймгуудын төрийн удирдах албан тушаалтан 100 гаруй хүнд “Жендэр ба Хүний эрх” сургалтыг явууллаа. Уг ажиллагааг НҮБ-ын Хөгжлийн хөтөлбөрийн дэмжлэгтэйгээр Төрийн албаны зөвлөлөөс 2018-2021 онд хэрэгжүүлж буй "Монгол Улсад мэргэжлийн, иргэн төвтэй төрийн албыг төлөвшүүлэх нь" төслийн "Төрийн захиргаан дахь жендэрийн тэгш байдлыг дээшлүүлэх" хөтөлбөрийн хүрээнд хэрэгжүүллээ.