• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Иргэдийн эрүүл аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийг хэрэгжүүлэх “Бодис-2020” арга хэмжээг зохион байгуулж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комисс, Цагдаагийн Ерөнхий Газар, Улсын Онцгой байдлын Ерөнхий Газар, Мэргэжлийн Хяналтын Ерөнхий Газар хамтран 2020 оны 9 дүгээр сарын 5-15-ны өдрүүдэд иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах, байгалийн тэнцэл алдагдахаас хамгаалуулах эрхийн хэрэгжилтийн хяналт, шалгалтын ажлыг Ховд, Баян-Өлгий, Увс аймагт зохион байгууллаа.

Талууд хамтран уг шалгалтыг Монгол Улсын үндэсний хууль тогтоомж, тэдгээрт нийцүүлж гаргасан дүрэм, журам, стандартын хэрэгжилтийг хангах, Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцоор баталгаажуулсан ирггэдийн эрх, эрх чөлөөг хангаж буй эсэхийг шалгах, зөрчлийг арилгуулах, таслан зогсоох, холбогдох арга хэмжээг авахуулах, хүний эрхийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор явуулав. Баруун 3 аймагт химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалт, ашиглалтын нөхцөл байдлыг шалгахад аймаг бүрт тодорхой хэмжээний химийн хорт бодисын хаягдал, ашиглалтаас гадуурх үлдэгдэл байгаа бөгөөд тэдгээрийг хэн, хэрхэн, хааш нь зайлуулах, зөөвөрлөх, устгах талаар ойлголт, зохицуулалтгүй, зориулалтын бус байр саванд хадгалж, хамгаалалт муутай, хэзээ мөдгүй аюул занал учруулж болзошгүй нөхцөлд байгаа нь иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчих эрсдлийг бий болгож байна.

Тухайлбал, аймгуудын цэвэрлэх байгууламж, мал эмнэлэг, хөдөө аж ахуйн газар, сургуулийн лаборатори зэрэгт ашиглаж байсан, хугацаа нь дууссан химийн бодисууд, уул уурхайн зориулалтаар ашиглаж буй тэсэрч, дэлбэрэх бодисын хадгалалт, хамгаалалтын асуудал стандарт, шаардлага хангаагүй байсан нь хамтарсан багийн шалгалтаар тогтоож, зарим химийн хорт бодисыг хадгалж буй агуулах, лабораторийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоох, мэдэгдэл хүргүүлэх зэрэг арга хэмжээг холбогдох мэргэжлийн байгууллагууд авч ажиллалаа.

Түүнчлэн Увс аймгийн Стандартчилал, хэмжил зүйн газрын актлагдах агуулахад хугацаа нь дууссан 111 нэр төрлийн химийн бодис хадгалагдаж байгаа бөгөөд тухайн бодисыг аймгийн Мэргэжлийн хяналтын газарт 2012 онд лабораторийн тоног төхөөрөмжийн хамт шилжүүлэн өгсөн ч, тус газар нь өөрийн оффисын барилгын зоорийн давхарт, зориулалтын бус газарт лабораторийг ажиллуулдаг, орон байрны хүрэлцээгүй гэх шалтгаанаар өнөөдрийн хүртэл уг бодисын үлдэгдэл аймгийн төвд, оршин суугчдын дунд ил, задгай савлагаатайгаар хаягдсан байдалтай хэвээр байгааг иргэдэд аюулгүй болгох арга хэмжээг нэн даруй авч шийдвэрлэхийг ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг бүрэн эрхийнхээ хүрээнд холбогдох байгууллагуудын удирдлагуудад үүрэг болголоо.