• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2001 онд зохион байгуулсан хүний эрхийн сургалт, боловсролын үйл ажиллагаа

Монгол Улсад хүний эрхийн талаарх олон нийтийн ухамсар, мэдлэг сул дорой бөгөөд төр, засгийн байгууллагын удирдлага, холбогдох албан тушаалтнуудын энэ чиглэлийн боловсрол, соёл хангалтгүй байгаа нь хүний эрхийн сургалт, боловсролыг нэлээд хэмжээгээр чухалчлан төлөвшүүлэх шаардлагатайг харуулсан юм. Иймд тус Комиссоос энэ чиглэлээр зарим арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн ба юуны өмнө өөрсдийн ажилтнуудын хүний эрхийн мэдлэг, боловсролыг эхний шатанд дээшлүүлэхэд голлон анхаарсан болно. Хүний эрхийн дээд комиссарын газрын ахлах зөвлөх Петер Хоскинг Монгол Улсад хоёр удаа ирж ажиллах үеэр Комиссын гишүүд, ажилтнуудын дунд 2 удаа сургалт явуулсны дээр зарим төрийн бус байгууллагууд болон хуулийн байгууллагын холбогдох хүмүүстэй хүний эрхийн асуудлын чиг хандлагын талаар уулзалт, ярилцлагуудыг зохион байгуулсан болно.   Олон нийтийн хүний эрхийн мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх чиглэлийн хүрээнд: Хүний эрхийн төрөлжсөн асуудлаар (ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрийн аятай нөхцөлөөр хангуулах, цалин хөлс авах, амрах, хувийн аж ахуй эрхлэх гэх мэт иргэдийн хууль, эрхийн мэдлэгт зориулсан гарын авлага бэлтгэн гаргахад зөвлөгөө өгөв. "Хүний эрхийг хамгаалах байгууллагуудын хамтын ажиллагааны чиглэл" сэдэвт семинарыг зохион байгуулж, төрийн болон төрийн бус байгууллагууд, хэвлэл мэдээлэл, олон улсын болон гадаадын зарим элчингийн төлөөллийг оролцуулан нийт 19 илтгэл хэлэлцүүлэв. ХЭҮК-ын үйл ажиллагаа, чиг үүргийг олон нийтэд мэдэгдэж, тайлбарлан таниулах зорилгоор 20 минутын захиалгат нэвтрүүлгийг Монголын үндэсний телевизтэй хамтран зохион байгуулж нийтэд нэвтрүүлэв. Монгол Улсын Их Сургууль, Монгол бизнес дээд сургуулиуд дээр "Энэ танхим цаазаар авах ялыг дэмжинэ", "Энэ танхим евтаназийг дэмжинэ" гэсэн сэдвүүдээр парламентын мэтгэлцээнийг зохион байгуулж, Монголын үндэсний телевиз, Ийгл телевиз болон Монголын радиогоор товч нэвтрүүлэв. Олон улсын хүний эрхийн өдрийг угтаж сэтгүүпч, хэвлэн нийтлүүлэгч нарын дунд нийтлэлийн уралдаан зарлаж явуулав. Уралдаанд нийт 10 бүтээл ирүүлснээс гурвыг нь шалгаруулж, "Хүний эрхийн талаар сонирхолтой, бодит нийтлэл олон түмэнд хүргэсэн” хэмээн дурсгалын гэрчилгээ, мөнгөн шагналаар урамшуулав. Олон улсын хүний эрхийн өдөр – 12 дугаар сарын 10-ны өдрийг Улсын Их Хуралтай хамтран тэмдэглэж "Хүний эрх ба үндсэн хууль" сэдэвт бага хурлыг Төрийн ордонд зохион явуулав. Уг бага хурлын үеэр Монгол Улсад анх удаа өргөн хэмжээгээр судалж боловсруулсан судалгааны тайлан "Монгол Улс дахь хүний эрхийн төлөв байдал" номын нээлтийг хийж, төрийн болон төрийн бус байгууллага, хэвлэл мэдээлэл, олон улсын байгууллагын төлөөлөгчдөд уг номыг тарааж өглөө.   Орон нутагт хүний эрхийн судалгааны ажил эрхэлж буй нийт 23 сайн дурын ажилтнуудыг Комиссын ажлын байранд хүлээн авч, Комиссын үйл ажиллагаа, чиг үүрэг, түүний хэрэгжилтийн талаар санал солилцов. Цаашид 2002 онд эдгээр сайн дурын ажилтнууд нь Комиссын хөдөө орон нутаг дахь төлөөллийн үүргийг гүйцэтгэх юм