• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2006 онд зохион байгуулсан хүний эрхийн сургалт, боловсролын үйл ажиллагаа

Хууль хяналтын байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах чиглэлээр Цагдаагийн байгууллагын ажилтнууд, Цагдаагийн академийн сонсогч, нийслэл, хөдөө орон нутгийн эрүүлжүүлэх байрны эмч нарт хүний эрхийн сургалтуудыг зохион байгуулав. "Монгол Улс дахь эрүү шүүлтийн нөхцөл байдал" сэдэвт хуулийн байгууллагын удирдах ажилтны зөвлөгөөнийг нийт 70 гаруй төлөөлөгчдийг оролцуулан хийлээ. ШШГЕГ-тай хамтран ШШГЕГ-ын харъяа төвлөрсөн хорих ангийн дарга, нийгмийн ажилтнуудад зориулсан "Хүний эрх ба шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа" сэдэвт сургалтыг, Ази, Номхон далайн хүний эрхийн байгууллагуудын чуулганы Нарийн бичгийн дарга нарын газартай хамтран "Хүний эрхийн зөрчлийг мөрдөн шалгах нь" сэдэвт сургалтыг яамд, нийслэл, дүүргүүдийн өргөдөл гомдол хариуцсан ажилтнууд, төрийн бус байгууллагын хуулийн зөвлөхүүдийг хамруулан зохион байгуулсан болно. Мөн тус газрын хөдөө орон нутгийн албадын дарга нарын цугларалтын үеэр хүний эрхийн хичээл зааж, ШШГЕГ-ын харъяа төвлөрсөн 8 хорих ангийн албан хаагч нарт хүний эрхийн талаарх сургалтыг зохион байгуулсан болно. Баянгол дүүргийн ИТХ-тай хамтарч олон нийтийн лекцийг "Хүний эрхийг хангах үндэсний хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын оролцоо" сэдвээр зохион байгуулсан. Шведын Олон улсын хөгжлийн агентлагтай хамтран "Хуулийн байгууллагууд дахь хүний эрх ба иргэний болон улс төрийн эрхийн тухай олон улсын пакт", "Олон нийтийн нээлттэй хяналт шалгалтыг хэрхэн зохион байгуулах вэ?"сэдэвт сургалтыг хуулийн байгууллагууд болон төрийн бус байгууллагын төлөөлөгчдийг хамруулан зохион байгуулсан байна.   Хууль зүйн үндэсний төвтэй хамтран дараах сургалтуудыг зохион байгууллаа. Үүнд: "Эрүүдэн шүүхийн эсрэг конвенц" болон "НХХ-ийн үйлдсэн гэмт хэргийн талаархи олон улсын баримт бичгүүд" сэдвээр нийслэл, хөдөө орон нутгийн прокурор нарт; Нийслэлийн шүүх, Баянзүрх, Баянгол, Сүхбаатар, Налайх, Багануур, Сонгинохайрхан, Чингэлтэй дүүргүүдийн эрүүгийн хэргийн шүүгч нарт сургалт зохион байгуулсан байна.   "Хүний эрхийн нээлттэй өдөр" арга хэмжээний хүрээнд: Өвөрхангай, Архангай, Баянхонгор аймгууд болон тус аймгуудын нийт 13 сумдад "Хүний эрхийн нээлттэй өдөрлөг"-ийг зохион байгуулсан бөгөөд тус арга хэмжээний хүрээнд хуулийн байгууллагуудын 112 ажилтнуудыг хамарсан 14 цагийн хичээлийг "Хүний эрхийн талаарх олон улсын баримт бичгүүд" сэдвээр заасан. Үйлдвэрлэлийн осолд орогсдын эрхийг хамгаалах өдөр буюу 4 дүгээр сарын 27-ны өдрийг тохиолдуулан "Үйлдвэрчний эвлэл - Аюулгүй ажлын байр" сэдэвт уулзалт ярилцлагыг МҮЭХолбоотой хамтран зохион байгуулсан. Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоотой хамтран "Бизнес ба Хүний эрх" сэдэвт 1 өдрийн сургалтыг 65 хүнийг хамруулан зохион байгуулав.   Тоон хэлээр Комисс 2006 онд нийт 609 цагийн (үүнээс хуулийн байгууллага 237 цаг, бусад сургалт 164 цаг, төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагаа 194 цаг, дотоодын сургалт 2052 сургалт, уулзалт, ярилцлага зохион байгуулж, нийт 6647 хүн (үүнээс хуулийн байгууллагын 3610, бусад сургалтад 861, төлөвлөгөөнд тусгагдаагүй үйл ажиллагаанд 2792, дотоодын сургалтад 12 хүн хамрагджээ.