• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

2013 онд зохион байгуулсан хүний эрхийн сургалт, боловсролын үйл ажиллагаа

Хүний эрхийг хөхиүлэн дэмжих бүрэн эрхийнхээ хүрээнд ХЭҮК 2013 онд иргэд, төрийн болон төрийн бус, хувийн хэвшлийн бүх байгууллага, олон нийтэд хүний эрхийн боловсрол олгох, хүний эрхийн соёлыг төлөвшүүлэх зорилгоор 9 сэдвийн хүрээнд 49 удаагийн нийт 193 цагийн сургалтыг 1895 оролцогчтойгоор зохион байгууллаа. Үүнд: Хуулийн байгууллагын ажилтнуудад "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаан дахь хүний эрх", "Хорих байгууллага ба хүний эрх", "Эрүү шүүлтээс ангид байх эрх", "Тусгай хэрэгсэл, мэх хэрэглэх үед хүний эрхийг хангах нь" зэрэг сэдвээр төлөвлөгөөт болон захиалгат сургалт явуулав.  Түүнчлэн Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон-Уул, Хөвсгөл, Булган, Архангай, Баянхонгор, Говь-Алтай аймагт зохион байгуулсан "Хүний эрхийн нээлттэй өдөр” арга хэмжээний хүрээнд төрийн захиргааны байгууллагын ажилтнуудад "Төрийн үйлчилгээн дэх хүний эрхэд суурилсан хандлага”, хууль сахиулах байгууллагын ажилтнуудад "Эрүүгийн байцаан шийтгэх ажиллагаанд оролцогчдын эрхийг хангах нь” зэрэг сэдвээр сургалт хийлээ. Мөн Хил хамгаалах ерөнхий газартай байгуулсан хамтран ажиллах Санамж бичгийн хүрээнд хилийн ангиуд болон заставын ажилтан, алба хаагчдад зориулсан төлөвлөгөөт сургалтуудыг зохион байгуулсан юм. Өнгөрсөн онд тус газрын харьяа 0101, 0243, 0257, 0163, 0108, 0129, 0214 дүгээр ангид "Хүний эрхийн үндсэн ойлголт”, "Хүний эрхэд суурилсан хандлага”, "Гэр бүлийн хүчирхийллийн асуудлууд”, "Хувь хүний харилцаа, эерэг сэтгэлгээ, хөгжил” сэдвээр нийт 453 оролцогчтой 63 цагийн сургалт хийв. Сургалт бүрийн явцад хичээлтэй холбоотой материал тарааж, хичээлийг бататгах зорилгоор бүлгийн ажилд идэвхтэй оролцуулж, асуулт хариулт ярилцлага хэлэлцүүлэг явуулах замаар дүгнэлт хийлгэж, хүний эрхийн зарчмууд, хүний эрхийн зөрчил, төрийн хүлээх үүрэг, хүний эрхийн хязгаарлалт, хувь хүний харилцааны асуудал, эерэг сэтгэлгээг хэрхэн хөгжүүлэх, стрессээс гарах арга зам, жендэрийн тэгш эрхийн байдал, гэр бүлийн хүчирхийлэлд өртөхөөс урьдчилан сэргийлэх, гэр бүлийн хүчирхийллийн хор уршиг үр дагавар, анхаарах асуудалтай холбоотой мэдээллийг өгч ажилладаг онцлогтой. "Бизнес ба хүний эрх” сэдвээр сургалтын загвар хөтөлбөрийн төслийг боловсрууллаа.