• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Иргэний нийгмийн төлөөллүүдэд ХЭҮК-ын дарга мэндчилгээ дэвшүүллээ

Мэндчилгээ

Хүний эрх, эрх чөлөөг хангах, хамгаалах, хөхиүлэн дэмжих үйл хэргийг иргэний нийгмийн оролцоо, хүчин чармайлтгүйгээр төсөөлөх аргагүй юм. Монгол Улсад хүний эрхийн соёлыг түгээн дэлгэрүүлэх, хүний эрхэд суурилсан хандлагыг төрийн бодлого, хууль тогтоомж, хөгжлийн салбарт төлөвшүүлэх, хүний эрхийн хэрэгжилтийг бодитой тайлагнах үйлсэд иргэний нийгмийн байгууллагууд тулгарч буй аливаа бэрхшээлийг няцалгүй даван туулж, идэвх зүтгэлтэй хувь нэмрээ оруулж ирсэнд хүний эрхийн төлөө үзэл санаа, зорилго нэгтэйн хувьд Хүний эрхийн Үндэсний Комисс талархалтай ханддаг билээ.

Иргэний нийгмийг бэхжүүлэх нь хүний эрхийг хангах, хамгаалах, хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох, төрийн бодлого боловсруулах болон шийдвэр гаргахад иргэдийн дуу хоолойг хүргэх, санал бодлыг тусгах зэрэг нийгмийн сайн сайханд чиглэсэн онцгой ач холбогдол бүхий орон зай, талбар бий болгодгийг дахин онцлон тэмдэглэе.

ХЭҮК нь бүхий л үйл ажиллагаандаа иргэний нийгмийн байгууллагуудтай нээлттэй, хамтран ажилладаг уламжлалтай бөгөөд 2011 оноос хойш жилд 2 удаа тогтмол уулзалт зохион байгуулж, ололт амжилт, тулгарч буй саад бэрхшээл болон хамтын ажиллагааны чиглэлийн талаар харилцан санал солилцож ирлээ. Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын зүгээс нийт иргэний нийгмийн хамт олонд “Иргэний нийгмийн өдөр”-ийн мэндийг дэвшүүлэн баяр хүргэж, ажил үйлсэд нь өндөр амжилт хүсье.
МОНГОЛ УЛСЫН ХҮНИЙ ЭРХИЙН ҮНДЭСНИЙ КОМИССЫН ДАРГА Ж.БЯМБАДОРЖ