• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын гишүүн П.Оюунчимэг Ховд аймагт ажиллаж байна

Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч, гишүүн П.Оюунчимэгээр ахлуулсан Ажлын хэсэг 2020 оны 9 дүгээр 7-9-ний өдрүүдэд Ховд аймагт ажиллаж, хүний эрхийн хяналт шалгалт, сургалтуудыг зохион байгуулж байна. Ажлын хэсэг тус аймгийн удирдлагууд болон төрийн байгууллагуудын удирдлагуудтай уулзаж, хүний эрхийн асуудлаар мэдээлэл цуглуулах, дүн шинжилгээ хийх, сургалт, хяналт шалгалтуудыг зохион байгуулах талаар танилцуулсан бөгөөд уулзалтад оролцогч тал энэхүү ажлыг гүйцэтгэхэд дэмжлэг үзүүлж, хамтран ажиллахаа илэрхийлэв.

Ховд аймагт ажилласан эхний өдөр ХЭҮК-ын гишүүн П.Оюунчимэг гэр бүлийн хүчирхийллийн нөхцөл байдал, хамгаалах байрны орчин нөхцөл, бэрхшээл, тулгамдаж буй асуудалд дүн шинжилгээ, хяналт шалгалт явуулав. Тус аймагт шинээр баригдсан Гэр бүлийн хүчирхийллийн хохирогчийн аюулгүй байдлыг хамгаалах түр байр нь хүний эрхэд ээлгүй, зориулалтын бус барилгын зураг төслөөр баригдсан, хохирогчийн аюулгүй байдал, хамгаалалтын стандарт шаардлагад нийцэхгүй зэрэг нөхцөл байдалтай байна. Шалгалтын хүрээнд Ховд аймаг дахь хамтарсан багийн гишүүдтэй уулзаж, мэдээлэл солилцов.

Мөн ШШГЕГ-ын харьяа Ховд аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын үйл ажиллагаатай танилцаж, тус газрын харьяа Хорих 457 дугаар ангид ял эдэлж байгаа хүмүүсийн амьдрах орчин нөхцөл, ундны цэвэр ус, хоол хүнсээр хангагдах эрх, эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж үйлчилгээ авах, гадаад ертөнцтэй харилцах, мэдээлэл авах болон эрүү шүүлтээс ангид байх эрхийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж ажиллалаа. Тус ангийн байр нь цэргийн ангийн зориулалтаар баригдсан, хуучны барилга бөгөөд нээлттэй, хаалттай хорих ангийн үйл ажиллагааг явуулах ёстой хэдий ч өнөөдөр тус ангийн байрны багтаамж, хүрэлцээгүй байдлаас шалтгаалан зөвхөн нээлттэй ангийн үйл ажиллагааг явуулж байна.

Түүнчлэн Ажлын хэсэг тус аймгийн прокурор, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагын алба хаагчдад “Эрүү шүүлтээс ангид байх эрх” сэдэвт сургалтыг хийсэн бөгөөд нийт 21 алба хаагч хамрагдав. Тэрээр П.Оюунчимэг гишүүн сургалтад оролцогчдод эрүү шүүлтийн талаарх шинэ тутам ойлголт, мэдээллийг олгохдоо бодит тохиолдол, жишээнд тулгуурлан сургалтыг амжилттай зохион байгуулсан бөгөөд манай улс эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр олон улсын өмнө хүлээсэн үүргээ биелүүлэхэд өдөр тутмын үйл ажиллагаандаа мөрдлөг болгон ажилладаг хуулийн байгууллагуудын алба хаагчдын эерэг харилцаа, хандлага чухал хувь нэмэртэй болохыг онцлов.

ХЭҮК-ын Ажлын хэсэг Ховд аймагт төрийн захиргааны 10 гаруй байгууллагад Жендэрийн эрх тэгш байдлын тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, байгууллагуудын удирдлагуудад “Жендэрийн ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх” сургалтыг зохион байгуулна. Хяналт, шалгалт үргэлжилж байна.