• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Орчин цагийн боолчлол” гэгдэх албадан хөдөлмөрийг сурвалжлах арга зүйг түгээж, сэтгүүлчдийг сургана

Олон улсын хөдөлмөрийн байгууллагын судалгаагаар “Орчин цагийн боолчлол” буюу албадан хөдөлмөрт Дэлхий даяар 24.9 сая хүн хохирч байна гэжээ. Тэгвэл энэ асуудлын мөн чанарыг ойлгож, гүн гүнзгий судалж, олон нийтэд үнэн бодитой мэдээллийг хүргэхэд сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын оролцоо нэн чухал бөгөөд сэтгүүлчдийг мэргэшүүлэх, сургах үйл ажиллагаа Монгол улсад анх удаа болж байна.

Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Хүний эрхийн Үндэсний комисстай хамтран Европын холбооны санхүүжилтээр “Албадан хөдөлмөр болон ажилд зуучлах, авах харилцаанд шударга байдлыг хангах талаар сурвалжлах нь” сэтгүүлчдэд зориулсан гарын авлагыг эрхлэн гаргаж, мэргэшүүлэх сургалтыг эдгээр өдрүүдэд Улаанбаатар хотод зохион байгуулж байна. Сургалтад хот, хөдөөгийн 30 сэтгүүлч, хэвлэл мэдээллийн байгууллагын мэргэжилтнүүд оролцож байна.

Сургалтын үр дүнд оролцогчид албадан хөдөлмөр болон ажилд авах, зуучлах харилцаанд шударга байдлыг хангах талаар ойлголттой болж, цаашид энэ чиглэлээр мэргэшиж, сэтгүүл зүйн бүтээл гаргаж, хамтран ажиллахаар бэлтгэгдэх юм.

Ташрамд дурдахад “албадан хөдөлмөр” гэх нэр томьёо нь аливаа нэг шийтгэл хүлээх заналхийлэл дор хувь хүний хийж гүйцэтгэж буй ажлаар илэрдэг албадлагын хөдөлмөрийн өргөн хүрээний ойлголт бөгөөд өртөгсөд нь уг ажилд ажиллах эсэхээ чөлөөтэй шийдвэрлэж зөвшөөрөөгүй, шууд орхин явах боломж нь хязгаарлагдсан байдаг ажээ.

Өөрөөр хэлбэл энэ нь далд хэлбэрээр, аль ч салбарт үйлдэгдэж болон хүний эрхийн ноцтой зөрчил тул, олон нийтийн ойлголт мэдлэгийг нэмэгдүүлэх зайлшгүй хэрэгцээ шаардлага өнөөгийн нийгэмд тулгамдаж байгааг үйл ажиллагааг зохион байгуулагчид онцлон тэмдэглэж байна.

Сургалтыг Олон улсын зөвлөх Чарльз Айтемэний Монголд зориулан боловсруулсан аргачлалаар видео хичээл, танхим хосолсон интерактив хэлбэрээр зохион байгуулах бөгөөд Хэвлэлийн Хүрээлэн ТББ хамтран ажиллаж байна.

Энэхүү цогц үйл ажиллагаа нь Европын холбооноос санхүүжиж буй “Олон улсын хөдөлмөрийн хэм хэмжээний нийцэл, тайлагналтын үндэсний чадавхыг бэхжүүлэх замаар Европын Холбооны Хөнгөлөлтийн ерөнхий систем (GSP+)-д Монгол Улсын статусыг тогтвортой хадгалах нь төслийн II үе шат (MNG/17/50/EUR)”-ны хүрээнд хэрэгжиж байна.

Лавлах утас: 80050100; 51-262752; 99178392; 51-262902