• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

“Хөдөлмөр эрхлэлт” аймгийн зөвлөгөөн боллоо

 "Хөдөлмөр эрхлэлт” аймгийн зөвлөгөөн 2018 оны 04 сарын 09-ны өдөр амжилттай зохион байгуулагдлаа. "Хөдөлмөр эрхлэлт” аймгийн зөвлөгөөнд нийтдээ аймаг орон нутгийн бодлогыг тодорхойлж, шийдвэр гаргачид, сумдын засаг дарга нар, аймгийн Үйлдвэрчний эвлэлийн холбоо, хувиараа бизнес эрхлэгч, ажил олгогч нар болон ажил хайгч иргэдээс бүрдсэн нийт 200 гаруй хүн оролцлоо. Тус зөвлөгөөний ач холбогдол нь хөдөлмөр эрхлэлтийн талаар нэгдсэн ойлголттой болох мөн оролцогч талуудын өмнө хөдөлмөр эрхлэхэд тулгамдаж буй асуудлуудыг хэлэлцэж түүнийг шийдвэрлэх арга замыг оновчтой тодорхойлоход оршиж байлаа. Хөдөлмөр Халамжийн Үйлчилгээний Газрын дарга Д.Амарсанаа зөвлөгөөний үеэр өнгөрсөн онд зургаан төрлийн төсөл хөтөлбөрт 1,4 тэрбум төгрөгийн хөрөнгө зарцуулж нийтдээ түр болон байнгын ажлын байраар 1200 гаруй иргэнийг хангаж ажилласан. Харин энэ онд Баянхонгор аймагт улсын болон орон нутгийн хөрөнгөөр 20 гаруй тэрбум төгрөгийн төсөвт өртөг бүхий ажлын тендер зарлагдахаар байгаа юм. Тиймээс эдгээр ажил, арга хэмжээнд аймгийн хэмжээнд хамгийн идэвхитэй ажил хайж буй иргэдийг буюу 24-35 насны залуучуудыг түлхүү хамруулахад анхаарч ажиллана гэдгийг тодотгож хэллээ. Ажил олгогчдын тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам салбар хуралдаан, Ажил хайгч иргэдийн өмнө тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам салбар хуралдаан, Хувиараа хөдөлмөр эрхлэгчдийн тулгамдсан асуудал, шийдвэрлэх арга зам салбар хуралдаан, Залуучуудын хөдөлмөр эрхлэлтэд тулгамдаж буй асуудал, шийдвэрлэх арга зам гэсэн 4 салбар хуралдаан тус тус зөвлөгөөний үеэр болсон бөгөөд тэд салбар хуралдаанаас гарсан шийдвэр, яригдсан асуудлыг нэгтгэж "Хөдөлмөр эрхлэлт” аймгийн зөвлөгөөнөөс зөвлөмжийг гаргах юм байна. Тус зөвлөгөөнд комиссын орон нутаг дахь ажилтан оролцож мэдээлэл солилцлоо.