• "Хүний эрх, эрх чөлөөг орон даяар, цаг ямагт хүн бүрт"

Цагдаагийн газраас "эцэг эхчүүд"-д захидал илгээж байна

Та бидний ирээдүй, амьдралын минь баяр баясгалан болсон охидуудаа нүдний цөцгий мэт хайрлан хамгаалж, гэр бүлдээ ээлтэй, аюулгүй орчинг бүрдүүлж, эерэг аргаар хүмүүжүүлж, төлөвшүүлэх нь ХҮҮХДИЙНХЭЭ ӨМНӨ эцэг эх та бидний хүлээж байгаа томоос том хариуцлагатай үүрэг билээ.
Монгол Улсын Хүүхэд хамгааллын тухай хууль, Хүүхдийн эрхийн тухай хууль шинэчлэн батлагдаад даруй 4 жил өнгөрчээ. Энэ хугацаанд хүүхдийн эрх ихээр зөрчигдөж, гэмт хэргийн гэрч, хохирогч болсоор байна. Тэр дундаа бэлгийн хүчирхийлэлд өртөж байгаа охидын тоо жилээс жилд нэмэгдэж байгаа харамсалтай тоо баримт бүртгэгдсээр байна.
Баянхонгор аймагт өнгөрөгч 2019 онд гэмт хэргийн улмаас 75 хүүхэд амь нас эрүүл мэндээрээ хохирсны 50 хүүхэд буюу 66.6% нь Бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт өртөж хохирсноос 38 хүүхэд нь 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох, 12 нь хүчиндэх гэмт хэрэгт өртөж хохирсон ба эдгээр гэмт хэргийн 90% нь ураг төрлийн буюу хамаатан садан, ах дүү, ойр дотны хүний хүчирхийлэлд өртсөн тоон үзүүлэлт цагдаагийн байгууллагад бүртгэгдэн шалгагдсан.
Мөн 2020 оны эхний 3 сарын байдлаар 24 хүүхэд амь нас эрүүл мэндээрээ хохирсоноос 17 буюу 70.8% нь бэлгийн эрх чөлөө халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэгт үүнээс 6 нь хүчиндэх, 11 нь 16 насанд хүрээгүй хүнтэй бэлгийн харьцаанд орох гэмт хэрэгт хохирч энэ төрлийн гэмт буурахгүй, таслан зогсоогдохгүй байна. Иймээс аймгийн Цагдаагийн газар, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар, Дэлхийн зөн Монгол ОУБ хамтран бага насны хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх зорилгоор эцэг эхчүүдэд захидал илгээх арга хэмжээг зохион байгуулж байна.